Алмас

Энэ асуултыг олон хүн тавьдаг тул аль болох хялбараар тайлбарлах гээд үзье. Гэхдээ та хэрвээ ойлгохгүй бол энд дарж дараагийн нийтлэлийг маань уншаарай.

Веб сайт гэж юу вэ?
Веб сайт гэдэг нь хүмүүст харуулахаар бэлдсэн мэдээллийг агуулсан файлууд юм. Яг л тооцоолуур дээр бичиг баримтын файл байдаг шиг. Гэхдээ веб дээр харуулах зорилгоор хийгдсэн арай жаахан өөр файлууд. Хэрэв та веб сайттай болох гэж байгаа бол юуны өмнө веб сайтаа ямар нэгэн програм ашиглаж бүтээнэ. HTML, javascript, CSS, PHP зэрэг ер нь ямар ч технологи ашигласан бай веб хэмээх файлууд байна. Түүнийгээ сервер дээр байрлуулах хэрэгтэй.

Сервер гэж юу вэ?
Интернет сервер гэдэг нь интернетэд холбогдсон, серверийн програм суулгасан компьютер юм. Ямар ч компьютерыг сервер болгоод ашиглаж болно. Та яг одоо сууж байгаа өөрийнхөө тооцоолуурыг ч серверийн програм суулгаад сервер болгон ашиглаж болно.

Гэхдээ байнга асаалттай байж, олон хүн зэрэг хандахад ачааллыг даах хэмжээнд чадалтай, бас тусгай байдлаар хөргөлтийн системийг тоноглосон, олон тооцоолуурыг нэг дор байрлуулах боломжтой байхаар хамгийн бага хэмжээтэй болгосон, ер нь сервер хийхэд зориулсан байдлаар илүү серверт зориулж хийгдсэн машинуудыг ихэвчлэн сервер компьютер гэж нэрлээд сервер зориулалтаар ашигладаг.

IP хаяг гэж юу вэ?
Интернетэд холбогдсон компьютер бүр өөрийн IP хаяг гэгч тоон хаягтай байдаг. Тэр хаягаараа интернеттэй холбогдож харилцаж байдаг. Интернет дэх олон зуун тооцоолуур дотроос IP хаягаараа ялгарч тооцоолуурууд хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Яг л Монгол улсын, Улаанбаатар хотын, СБ дүүргийн 5-р хорооны 5-5тоотод оршин суугч нөхөр Алмаст гэсэн хаяг шиг IP хаяг бол цор ганц тэр тооцоолуурт зориулагдсан хаяг байдаг. Тэгэхээр таны веб сайт нэг тооцоолуур дээр байрлаад түүн рүү IP хаягаар хандаад нээж үздэг гэсэн үг. IPv4 ба IPv6 гэсэн хувилбарууд байдаг.

Домэйн нэр гэж юу вэ?
Веб сайт ажиллуулахын тулд домэйн нэр гэсэн бас нэг ойлголт бий. Домэйн нэр бол веб сайт байрлаж буй серверийн IP хаягийг олох зам заагч ч гэж ойлгож болно. Таны сервер, серверийн IP хаяг солигдсон ч сайт руу тань хүмүүс домэйн нэрээр хандаад холбогдоод байх боломжийг олгодог юм. Бас IP гэх олон оронтой тоог тэр бүр хүн цээжлээд веб сайт руу хандах нь ховор. Үүнийг мөн домэйн нэр шийдэж байгаа юм. Гэхдээ домэйн нэр байхгүй дан сервер дээр ч мэдээллээ байрлуулаад IP хаягаар нээж бол болно. Тэгэхээр домэйн нэр бол халхавч, зам заагч юм. Жишээлбэл dusal.net гэсэн нэр нь манай серверийн 38.127.225.237 гэсэн IP хаягийг таны тооцоолуурт хэлж өгч байгаа гэсэн үг. Энэ IP хаяг маань солигдож ч болно. Гэсэн ч dusal.net гэсэн домэйн нэр маань бол хэвээрээ байж л байна. Тэгэхээр нэг ёсны үл хөдлөх хөрөнгө юм. Тиймээс веб сайт анх нээхдээ домэйн нэр худалдан авах газраа маш зөв сонгох нь чухал байдаг. Хэрвээ та домэйн нэрээ алдвал тэр нэрээр ханддаг байсан бүх хэрэглэгчээ, хайлтын системд илрэх холбоос гээд олон зүйлсийг нэг дор алдаж орхих харамсаад барахгүй том асуудал гарна гэсэн үг. Зарим асуудлуудаас болоод домэйн нэрээ алдсан тохиолдлууд цөөнгүй байдаг.

Харин сервер гэдэг нь интернет дэх нэг тооцоолуур л юм гэж дээр хэлсэн. Тэр тооцоолуур дээр тусгай серверийн програм хангамж ажиллаж байдаг. Серверийг интернетээс олохын тулд тэр серверийн IP хаягийг мэдэх хэрэгтэй. Серверийн хувьд байнга ижил IP хаягтай байх нь тохиромжтой байдаг. Тийм солигддоггүй IP хаягийг Dedicated IP хаяг гэж хэлдэг. Real IP гэсэн ойлголт бол миний мэдэхээр байхгүй. Public IP гэсэн ойлголт бол бий. Энэ нь интернетэд холбогдож буй төхөөрөмжийн IP хаяг юм. Бас public гэдгийн эсрэгээр Local IP гэж бий. Энэ нь зөвхөн дотоод сүлжээн дэх төхөөрөмжийн IP хаяг юм. NAT гээд технологийг ашиглаад олон компьютерыг нэг public IP хаягтайгаар интернетэд холбодог. Local IP хаяг бол зөвхөн тэр дотоод сүлжээн дотор л ашиглагдана. Тиймээс ийм NAT-тай тохиолдолд тэр сүлжээн дэх аль нэг тооцоолуур дээр сервер ажиллуулсан тохиолдолд port forward зэрэг чиглүүлсэн тохиргоо хийж өгөөгүй бол шууд Public IP хаягаар аль нэг тооцоолуурт шууд хандах боломжгүй байдаг. Dynamic IP гэсэн Dedicated IP хаягийн эсрэг ойлголт бас бий. Энэ бол интернетэд холбогдох бүрт IP хаяг солигдож байхыг хэлдэг. Бараг бүх DSL холболтууд ийм динамик аипи хаягтай байдаг. Ийм интернет холболттой тохиолдолд та тооцоолуур дээрээ сервер байрлууллаа гэхэд тэр серверийг интернетээс олж хандах хаяг нь байнга солигдох тул бас л серверт тохиромжгүй юм. Гэхдээ үүнийг шийдэж өгдөг Dynamic DNS үйлчилгээнүүд интернетэд байдаг. Мөн үүнтэй холбоотой DNS буюу домэйн нэрийн серверүүд гэсэн ойлголтыг бас ажиллах зарчмыг ойлгох хэрэгтэй болно. Нэрийн серверүүд гэдэг нь домэйн нэрийг бичээд хүн хандах үед хэрэглэгчийн веб хөтөч (IE, Firefox г.м)-д серверийн IP хаягийг хэлж өгдөг серверүүд юм. Тэгэхээр та домэйн нэртэй бол түүндээ өөрийн IP хаягийг DNS record гэгч зүйлээр тохируулж зааж өгдөг. Үүнийг нэрийн серверүүд бүртгэж авснаар интернетийн аль нэг өнцгөөс хэн нэгэн хүн домэйн нэрээр нэвтрэхийг хүсэхэд хүсэлтийн дагуу IP хаягийг хэлж өгч, тухайн хүний тооцоолуур тэр IP хаягаар нь серверт холбогддог. Мөн тэр серверт холбогдох үед сервер асаалттай байх хэрэгтэй гэсэн үг.
Тэгэхээр та веб сайт хийгээд, ямар нэгэн сервер дээр байрлуулсан гэж бодъё. Тэгэхээр 24 цагийн турш дэлхийн аль ч өнцгөөс хэн нэгэн хүн хандахад веб тань ажиллаж байхын тулд сервер тань үргэлж асаалттай байх хэрэгтэй гэсэн үг. Онолын хувьд бол Private public IP (NAT-гүй буюу ганцаараа 1 public IP хаягтай) хаягтай дурын тооцоолуур дээр сервер програм суулгаад сервер болгож болох юм. Гэсэн ч тэр тооцоолуурыг 24 цагийн турш ажиллуулах нь хүндрэлтэй. Мөн динамик аипи ашиглах үед бас найдвартай биш зэрэг олон асуудал байдаг. Тиймээс түүнийг хөнгөвчлөх үүднээс гарсан сервер түрээслүүлэх Web server hosting гэсэн үйлчилгээ байдаг.

Веб хостинг гэж юу вэ?

Веб хостингийн үйлчилгээ гэдэг нь 24 цагийн турш ажиллаж байдаг Мэдээллийн төв (Data Center) гэгдэх тусгай төвд байрласан олон тооны сервер тооцоолууруудыг интернетээр дамжуулан төлбөр авч түрээслэн энгийн хүмүүст веб сайтаа байрлуулах боломж олгодог үйлчилгээ юм.

Тэгэхээр та интернетэд веб сайтaa байрлуулахын тулд 1. Домэйн нэр аваад 2. + Сервер түрээслээд, тэр хоёрыгоо холбоод сервер дээр вебээ байрлуулахад л болох юм.

Веб хостингийн хувьд Shared, VPS (Virtual Private Server), Dedicated server гэсэн ойлголтууд бий. Үнийн хувьд бас нэлээд зөрүүтэй.
Shared болон VPS хостингуудын хувьд нэг тооцоолуурыг олон веб сайтад хуваан түрээслэдэг бол Dedicated хостинг гэдэг нь нэг тооцоолуурыг зөвхөн нэг л түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн үг. Харьцангуй өндөр үнэтэй.Shared хостингийн хувьд бага хэмжээний вебүүдэд зориулсан үнэ хямд байдаг.

Дусал.нэт сайтын хувьд хэд хэдэн төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
1. Домэйн нэрийн үйлчилгээ. (Дээр дурдсаны дагуу таны вебийн хамгийн чухал зүйл бол домэйн нэр)
2. Хостинг серверийн үйлчилгээ.
Энэ хоёрыгоо аваад хооронд нь холбоод л та веб сайтаа байрлуулах боломжтой. http://web.dusal.net хаягаар орж авах боломжтой.

Харин үүнийг төлбөргүй шийдэх боломж бий юу гэвэл байдаг. Төлбөргүй домэйн нэр, хостинг өгдөг үйлчилгээнүүд интернетэд бий. Гэвч мэдээж та хэрэв веб сайтаа цаашид найдвартай ажиллуулна гэж бодож байгаа бол өөрийн гэсэн домэйн нэрийг худалдаж авах нь найдвартай, бас дараа нь харамсахгүй үйлдэл болох юм.
Мөн төлбөргүй веблог сайтын үйлчилгээг үзүүлдэг сайтууд байдгийн нэг нь манай ажиллуулдаг https://blogmn.net сайт юм. Таны сайтын хаяг https://taniiner.blogmn.net гэсэн домэйн нэр буюу хаягтай байна. Бэлэн загваруудаас сонгох буюу загвараа хийн, эсвэл хийлгэн төлбөргүй ашиглах боломжтой. Мөн та домэйн нэрээ төлбөртэйгөөр өөрийн хүссэн www.taniiner.com, www.taniiner.net гэх мэт худалдаж аваад төлбөргүй блогтоо холбон веб сайтаа ажиллуулах хямд бөгөөд хялбар веб сайттай болох боломж ч бас бий.

  • 6088
  • 7
  • 4

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа
Алмасд баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл байлаа.
Олжас (зочин) хэзээ бичсэн: 2012-10-23 17:59 | |
Сайн байна уу? миний хайж яваа юм энд тавигдсан байна баярлалаа та надтай аминчлан холбогдож туслаач асуух хийлгэх зүйл байна л даа tnks
Үнэн (зочин) хэзээ бичсэн: 2012-07-06 02:26 | |
Хостинг авахад домэйн нэр үнэгүй дагалдана. Үнэ төлбөргүй домэйн нэр өгнө гэх мэт сайтуудаас домэйн нэр авахдаа Үйлчилгээний нөхцөл, гэрээ (Terms of service буюу TOS) бичиг баримтуудтай нь сайн танилцахгүй бол хостингоо сунгуулахгүй л бол домэйн нэрийг чинь шилжүүлж авах янз бүрийн боломж өгөхгүйгээр хураагаад авчих тохиолдол байдаг. Заавал тэр хостингийг л хэрэглэхээс өөр аргагүй, гэтэл хостинг нь ачаалал янз бүрийн байдлаар хэрэглэхэд хүндрэлтэй, үнэтэй байх ч юм уу шалтгаанаар солимоор байдаг, гэтэл домэйн нэрээ авч чадахгүй болчих гэх мэт тохиолдлууд байдаг. Мэдээж үнэгүй домэйнүүдын хувьд бол өөр бас асуудлууд байгаа байх.

Бас найдваргүй reseller үйлчлэгчээс домэйн авах нь ч бас эрсдэл дагуулж байдаг. Зарим reseller-үүд EPP code буюу домэйн шилжүүлэх нууц кодыг хүмүүст өгдөггүй, харагдуулдаггүй буюу домэйнээ өөр домэйн үйлчилгээ үзүүлэгч рүү шилжүүлэх боломжийг олгодоггүйгээс хүмүүс домэйнээ шилжүүлж ч чадахгүй, хэрвээ reseller гэнэт дампуураад үйлчилгээ зогслоо гэхэд домэйнээ хугацааг нь дуусангуут өөр домэйн үйлчилгээ үзүүлэгчээс хүлээж байгаад авахыг оролдохоос өөр арга үлддэггүй. Хэрэв өөр хүн түрүүлээд авчихвал тэгээд л алдана гэсэн үг. Яахав ICANN руу холбогдоод байдлаа ойлгуулаад олж авахыг оролдож үзэж болох л байх. Гэхдээ ганц нэг жижиг домэйн дээр бол ICANN бараг тоохгүй л болов уу.

Тэгэхээр манайх (рекламны пауз ирмэх хэлээ гаргах) шиг EPP code өгч хааш нь ч шилжүүлж болдог домэйн нэр бүртгэгч сонгох хэрэгтэй, тэгээд хугацаанаасаа аль болох эрт 2-3 сарын өмнөөс ч юм уу домэйн нэрээ сунгаж байх хэрэгтэй. Цаад зах нь 1 сарын өмнөөс сунгах хэрэгтэй. Хэрэв сунгахад асуудал үүсвэл өөр үйлчилгээ үзүүлэгч рүү домэйнээ шилжүүлэхэд бас жаахан хугацаа зарцуулагдах тохиолдол байдаг учраас...

Хэрэв шилжүүлэх боломжгүй юм гэхэд ядаж яг албан ёсоор эргээд хариуцлага тооцох боломжтой гэрээ хэлэлцээр нь тодорхой компани хувь хүмүүсээс авах хэрэгтэй. Мэдээж үйлчилгээ үзүүлэгчдийн гэрээг сайн уншиж танилцах нь мэдээж чухал. Ихэнхдээ гэрээнүүд нь үйлчилгээ үзүүлэгчид өөрсдөд ашигтайгаар хийдэг бөгөөд итгэлцлийн журмаар үйлчилгээ үзүүлэгчдийг сонгохоор байдаг. Англи хэлтэй бол харьцуулаад уншаад үзэхэд болох байх. Бас нэг талаар бүгд ICANN-ы дүрмээр явах учир бас шууд тасархай өөр гэрээ ч гэж бараг байхгүй л дээ.

Бас домэйн нэрийг хулгайд алдах гэсэн ойлголт байж болдог. Домэйн нэрийн шилжүүлэг хийдэг нууц кодыг алдаж хулгайд алдах ч юм уу асуудлууд, эсвэл өөрийн домэйн удирдлагын, мэйлийн нууц үгээ алдсанаас тэрүүгээр дамжуулж домэйн нэрийг нь шилжүүлж хулгайлж авах гэх мэт домэйн нэрээ алдаж болох эрсдлүүд байж болно.
Алмас хэзээ бичсэн: 2011-06-18 10:35 | |
Domain neree aldna gj yu gj bgaan?

Domain neriig sunguulaagui tohioldold aldna gsen oilgolt bhaas uur tohioldold aldna gj yug heleed bn aa tailbarlaach Almasaa?
Bi (зочин) хэзээ бичсэн: 2011-06-17 23:40 | |
Bayarlalaa.
Heregtei medeelel olj avlaa. гоё шүү
Gal (зочин) хэзээ бичсэн: 2010-11-10 11:59 | |
Маш их баяраллаа Үнэхээр хэрэгтэй зүйлийнхээ талаар мэдээлэл олж авлаа
Батболд (зочин) хэзээ бичсэн: 2010-11-05 05:38 | |
Төсөөлөл авч чадлаа
Маш их хэрэгтэй төсөөллүүдийг маш ойлгомжтойгоор авч чадлаа. Баярлалаа Алмас аа ярзайтал инээх Гайхалтай бас хэрэгтэй.
khaschuluu (зочин) хэзээ бичсэн: 2010-10-19 22:59 | |



:-)