Компьютерын вирус юу чаддаг вэ? Хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх вэ? Нууц үгээ яаж алдахгүй байх вэ? Банкны картаа хэрхэн нууцалж байх вэ? Мэйл хаягийнхаа нууц үгийг хэрхэн хадгалах вэ? гэх мэт асуулт бидэнд байнга тулгарч байдаг. Тэгэхээр хамгаалахын тулд хэрхэн хулгайлдаг аргуудыг ойлгосноор буцаад өөрийгөө хамгаална гэсэн үг. Ингээд та бүхэнд бага зэргийн зөвлөгөө хүргэе. Жаахан урт ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байгаа гэж бодож байна.
Зам 1:
Нууц үгээ, хувийн нууц мэдээллээ тооцоолуур дээрээсээ алдах хамгийн том бас бараг бүрэн хэрэглэгчээс өөрөөс нь шалтгаалах шалтгаан бол яах аргагүй вирүс, өт, тагнуул програмууд юм. Эдгээр нь тооцоолуур дээр ямар нэгэн байдлаар суусан бол хэрэглэгчийн нууц үг, картын мэдээлэл зэрэг чухал хувийн мэдээллийг өөрийн эзэн рүү нууцаар интернетээр дамжуулан илгээж байдаг.
Хэрхэн хамгаалах вэ?
- Хамгийн эхний арга бол хууль бус програм хангамжаас татгалзах. Хэрэв та крэк, пач, кийген зэрэг зүйл ашиглан хууль бусаар програм ашигладаг бол эдгээр хууль бус хэрэгслүүд бараг бүгд вирүс, өт програмыг агуулж байдаг. Та хэдийгээр вирүсийн програмаар шалгаад илрэхгүй байж болох ч нэлээд хугацааны дараа шалгахад цоо шинэ өт агуулсан байж л байдаг. Гэтэл Firefox, 7zip, Free Download Manager зэрэг угаасаа төлбөргүй чанартай сайн програмууд интернет дээр төлбөргүй татаж авч суулгаад хэдий хугацаагаар ч хамаагүй хэрэглэх лиценз, зөвшөөрөлтэйгөөр баж л байдаг.
- Баталгаагүй газар, хүмүүсээр програм суулгуулах, форматлуулах, CD худалдан авах, варез буюу програм татуулдаг сайтаас програм татаж авч суулгаж хэрэглэх нь таныг маш том эрсдэлд оруулж байдаг. Үнэндээ Монголд маань ямар ч том засварын газар бүгд хууль бус програм хангамж хэрэглэдэг. Мөн үүний дээр дуудлагаар засварлагч, нөгөө том том засварын газрынхан маань магадгүй албаар өөрийн тагнуул програм, арын хаалгыг таны тооцоолуурт суулгаад явж байхыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс ядаж өөрөө тооцоолуураа шинэчлээд програмаа суулгаж сурсан нь дээр. Мөн таны маш итгэлтэй хүн биш бол таньдаг, мэддэг хүнээр тооцоолуураа янзлуулахаасаа бүр илүү болгоомжлох нь дээр байдаг. Хувийн мэдээлэл, мэйлийн гол хулгайч нь ихэнхдээ таны таньдаг мэддэг хүн байдаг. Жишээ нь эхнэр нь нөхрийнхөө тооцоолуурт суулгасан програмаар нөхрөө тагнан өөр эмэгтэйтэй сүүлэрч байгааг мэйлийг нь уншиж мэдсэн байх жишээтэй. Мөн зарим тохиолдолд зүгээр л хорлох зорилгоор хийгдсэн вирүс өтнүүд таны мэйлийн нууц үгийг сольчих ч тохиолдол мөн байдаг. Орос болон манайд нэлээн өргөн тархсан варез буюу хууль бус програм түгээгч сайтуудын цөөнгүй нь бас ардаа ийм зорилго агуулсан байдаг гэдгийг сэжиглэж байх нь дээр болов уу.
- Галт ханын програм хэрэглэх. Firewall төрлийн програм нь таны тооцоолуур дээрх ямар програм интернет рүү хандаж, хэрхэн хандаж байгаа талаар танд сануулж байдаг. Тэгэхээр нэг програм таныг ажиллуулаагүй байхад гэнэт интернет рүү хандах гээд, эсвэл огт хүсээгүй IP хаягнаас тооцоолуур руу чинь хандах гээд байгааг энэ програм хэлж өгдөг. Ямартай ч суулгаад хэрэглээд туршаад, ер нь бол байнга ашиглаж байх хэрэгтэй. ZoneAlarm төлбөргүй програмыг энд дарж татаж аваарай.
- Интернет кафе, нийтийн болон төлбөргүй утасгүй интернет хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Магадгүй интернет кафен тооцоолуур дээр таны мэйл хаяг, нууц үгийг хадгалдаг програм суусан байгаа эсэхийг би лав хэлж мэдэхгүй.
- Мэдлэгээ дээшлүүлэх. Уг нь Kaspersky Internet Security зэрэг вирүс хамгаалалт, галт хана төрлийн програмуудыг багагүй үнээр худалдаж аван хэрэглэдэг хүмүүс байдаг ч ийм хүмүүсийн ихэнх нь мөнгө төлчихвөл л хамгаалагдчихна гэж бодож алддаг. Үнэн хэрэгтээ бол мэдлэгтэй л байвал төлбөргүй програм хангамжууд барагтай бол төлбөртэйгөөсөө дутдаггүй. Хэрэглэгчид маань өөрсдөө сайн ашиглаж мэдэхгүйгээс буу байгаад байдаг буудаж мэддэггүй гэдгийг үлгэр болдог. Тиймээс аюулгүй интернет хэрэглэхийн тулд тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаалах мэдлэгийг эрж хайж, мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Яг л тохиолдлын секс хийхэд бэлгэвч хэрэгтэй гэдгийг мэддэг шиг интернет рүү хандахад хамгаалалтын сайн програм, түүнийг ажиллуулах мэдлэг заавал хэрэгтэй. Мөн вирүсийн програм хэрэглэхээс бусад хэд хэдэн хамгаалалтын хэрэглээний аргууд байдаг. Үүнийг урьд нь манай сайтад нийтлэгдэж байсан ба доор холбогдох нийтлэлийн холбоос оруулах болно.
- Линукс систем рүү шилжих. За тэгээд ер нь бол дээрх олон гайг эдэлж байхаар нэг мөр зориглоод линукс хэрэглэдэг болчихвол л уг нь амар. Хууль ёсны дагуу төлбөргүй хэрэглэх боломжтой Линукс, БСД зэрэг нээлттэй эхийн үйлдлийн систем, түүн дээр суудаг олон зуун чөлөөт програм хангамжууд байдаг нь ердийн хэрэглээнд бол Windows төрлийн үйлдлийн системийг бүрэн орлох боломжтой байдаг. Хамгийн шилдэг, аюулгүй сонголт бол линукс систем. Yahoo messenger ярьж, камер хэрэглэж болдоггүй. Гэхдээ та skype, gtalk ашиглаад камер, яриа аль алийг нь хийж болно. Windows дээр ажилладаг зарим тоглоом програм ажиллахгүй байх нь бий л дээ. Гэсэн ч хамгийн гол нь та тооцоолууртаа ДОХ тусгах эрсдлийг хэдэн зуу дахин багасгаж, өөрийн хувийн нууц мэдээллийг алдахаас сэргийлж чадна. Би лав өөрөө сүүлийн 4 жил орчим тооцоолуураа систем дахин суулгаж, форматлаж элдэв болохгүй жирийн хэрэглээнд болон веб хөгжүүлэлтээр линукс системийг ашиглаж ирсэн. Вирус болон айж эмээх зүйлгүй амар тайван суудаг.
Урьд нь манай сайтад мөн энэ талаар бичигдэж байсан тул доор холбоос оруулъя.
Зам 2б. Хамгаалалт муутай веб сайт ашиглах.
Зарим веб сайтууд нь хэрэглэгчдийнхээ нууц үг, бусад мэдээллийг нууцлал муутай хадгалдгаас тухайн веб сайт халдлагад өртсөн тохиолдолд мэдээлэл алдагддаг. Үүнд Монголын томоохон банкууд, гар утасны компани, нисэхийн компани маань хүртэл маш муу хамгаалалттай, төрийн байгууллагууд бол бүр ярих ч юмгүй гэдгийг нэгэн Монгол хак сонирхдог залуу харуулсан...
Хэрхэн хамгаалах вэ?
- Маш энгийн. Ердөө л шаардлагагүй баталгаа муутай сайтуудад аль болох хувийн мэдээллийг оруулахгүй байх хэрэгтэй.
- Мэйл хаяг болон, чухал сайтад хэрэглэдэг нууц үгтэйгээ адил нууц үг зэргийг өөр сайтад аль болох оруулахгүй байх хэрэгтэй.
- Нууц үгээ болж өгвөл ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
Зам 3.
Нууц болон хувийн мэдээлэл алдагдаж болох өөр нэг зам нь таны интернет шугам, утасгүй интернетийн мэдээллийг дундаас нь авч боловсруулан мэдээллийг тань ялгаж авах арга. Манайд хамгийн өргөн байж болох нь байгууллагын сүлжээнд админ эрхтэй буюу эсвэл админ эрхийг хулгайлж авсан этгээд дундын серверээр дамжиж буй мэдээллүүдийг барьж боловсруулан мэдээлэл хулгайлж болдог. Хэдийгээр одоохондоо ховор байх гэж бодож байгаа ч бас утасгүй интернетийн сүлжээгээр агаараар дамжиж буй мэдээллийг мөн дундаас нь барьж хулгайлж болдог гэдэг.
Хэрхэн хамгаалах вэ?
- Энэ тохиолдолд хэрэв та анзаардаг бол зарим веб сайтууд http биш https гэж эхэлсэн байдаг. Тэгвэл ингэж https гэсэн нь secure буюу дамжуулж буй мэдээллээ тусгай шифрээр кодлон дамжуулдаг тул мэдээлэл алдагдах эрсдлээс сэргийлдэг. Томоохон сайтууд нь ийм хамгаалалтыг ихэвчлэн ашигладаг. Зарим сайт танаас асуудаг бөгөөд танд хоёр сонголт байгаа бол хамгаалалттай холболтыг сонгож байх хэрэгтэй.
- Байгууллага дээрээ тооцоолуур хэрэглэхдээ болж өгвөл хувийн сайт, мэйл хаяг, чат зэрэг хувийн зүйлд байгууллагын тооцоолуурыг ашиглахгүй байсан нь дээр. Мөн дээр хэлсэлчлэн байгууллагын тооцоолуурт чинь дэлгэц харах удирдах систем суулгаатай байгаад, таны бүх үйлдлийг хянаж байхыг ч үгүйсгэхгүй. Гадаадад бол энэ талаар тодорхой гэрээг заавал хийдэг. Магадгүй таны мэдээллийг сүлжээгээр дамжихад нь хэн нэгэн нь дундаас нь хараад сууж байгаа ч юм билүү. Болгоомжтой л байсан нь дээр Энд дараад нэг хөгжилтэй видеог үзээрэй. Англи хэлтэй бол нэлээд зүйл хэлж өгнө
Та доорх холбоосуудаар орж судлан мэдлэгээ дээшлүүлснээр өөрийгөө хамгаалах багагүй чадвар эзэмших байх. Сая нэгтгэсэн чинь бас овоо их мэдээлэл оруулчихсан юм байна. Жаахан давхардсан нуршсан зүйл байж магадгүй. Гэхдээ цаг заваараа сайн уншаад судлаад авчихвал танд болон таны тооцоолуурт хэрэгтэй байх ;-):