2007 оны зун Apple фирм iPhone гар утсыг зөвхөн A.T.&T сүлжээнд хэрэглэх гэрээтэй анх удаа худалдаанд гаргав. New Jersey, Glen Rock-д амьдардаг арван долоон настай George Hotz тэгэхэд T-Mobile сүлжээний хэрэглэгч байжээ. Тэр iPhone утас авахыг хүсэвч, өөрийнхөө хэрэглэж байгаа сүлжээгээ ашиглаж утасдахыг бас хүснэ. Ингээд тэрээр уг утсыг хакердахаар шийдэв.
Хакердах үйлдэл бүр нэг ижил сорилттой тулгардаг: яаж ямар нэгэн юмыг түүний зориулалтын үйлдлээс нь гажуудуулж өөр үйлдэл хийлгэх вэ? Өөр нэг өнцөгөөс харж хэлэх юм бол, хакердах үйлдэл нь гипноздохтой ижил. Hotz-ын хэлж байгаагаар бол, уг төхөөрөмжтэй хэрхэн ярьж болохыг мэдэж аваад дараа нь өөрийнхөө хүслийг биелүүлэхээр ятгахад нууц нь оршдог байна. Хэдэн долоо хоногийн турш бусад хакеруудтай нийлж судалсаны дараа Hotz нэг зүйлийг ухаарав. Хэрэв энэ утсан дотор байгаа чипнүүд(chip) өөрсдийнх нь мэдээллийг арилгачихсан гэж бодогдуулж чадах юм бол энэ нь бараг "жаахан хүүхэдтэй ярьж байгаа юм шиг болох бөгөөд жаахан хүүхдийг ятгах үнэхээр амархан".
Ингээд нэмэх боолт суллагчаар утасны ард байгаа хоёр боолтыг суллав. Гитарын ялтсан цохиурыг ирмэг дагуулан шургуулж арын хавтсыг салгаж чадлаа. Зорьж хайсан ямар сүлжээнд ажиллахыг нь хязгаарлаж хянадаг үндсэн сүлжээний процессор болох дөрвөлжин хар чипийг олох нь тэр. Үндсэн сүлжээнд өөрийнхөө хүслийг тулгахын тулд бусад эд ангиас процессор луу очиж байгаа тушаалуудыг дарж бичих шаардлагатай болов. Чип рүү утас гагнаж хүчдэл өгөөд кодыг нь самардаж эхлэх нь тэр. Ингээд iPhone түүний гарт оров. PC дээрээ програм бичиж дурын сүлжээнд ажилладаг болгож бэлдэв.
Маргааш өглөө нь Hotz ээж аавынхаа гал зууханд камерийн "Бичих" гэсэн товчин дээр дарчихсан зогсож байлаа. Туранхай гозгор бие, эрүүний тармаг сийрэг сахалтай тэрээр Jersey аялгаар ярьж эхлэх нь тэр. "Сайн байцгаана уу, Намайг geohot гэдэг" гэж өөрийнхөө интернэт ертөнцөд хэрэглэдэг хоч нэрээрээ мэндчилээд өмднийхөө халааснаас iPhone оо гаргаж ирж үзүүлэн "Энэ бол дэлхий дээрх анхны түгжээг нь гаргасан iPhone" гэж зарлав.
Hotz-н энэ youtube видеог бараг хоёр сая гаруй хүн үзэж түүнийг дэлхий дээр хамгийн алдартай хакер болголоо. Хэвлэл мэдээллийнхэнд өсөх насны хүүхэд Apple ийг хэрхэн нам цохиж байгаа энэ түүх таалагдаж байв. Тэрээр бас түгжээг нь гаргасан утас зарна гэж мэдэгдэв. Тэр үед Certicel хэмээх гар утас түгээдэг газраас зарласан хамгийн том шагналд 2007 оны Nissan 350Z машин тэгээд гурван шинэ iPhone утас байлаа. Сүүлд нь CNBC сувгийн хөтлөгч Erin Burnett тэй хийсэн ярилцлага дээр тэрний ачаар Apple фирмийн хувьцаа ихэссэн тухайг мэдсэн үү гэж асуухад "Дурын сүлжээнд хэрэглэдэг болонгуут олон хүн энэ утсыг хүсэх болж" гэж хэлээд "Одоо харин энэ тухай Steve Jobs-той ярилцмаар байна" гэж нэмэрлэв.
“Эр улс шиг үү?” гэж Burnett асуухад.
“Эр улс шиг.”
Apple болон A.T. & T. фирмүүд сэжигтэй чимээгүй л байв. Утасны түгжээ гаргах нь хууль ёсных боловч зохиогчийн эрх зөрчих үйлдэлд үүд нээж өгөхөөр байв. Маш олон төхөөрөмж үйлдвэрлэдэг газрууд утасны гэрээ болон түүн дээр суусан програмнаасаа мөнгө олдог байсан бол алдагдалд орж эхлэв. Хэвлэлийн ямар нэгэн хурал дээр Steve Jobs оос түгжээг нь гаргасан iPhone утасны тухай асуухад тэрээр учир битүүлэг инээмсэглэж "Энэ бол бидний өдий болтол тоглож ирсэн муур-хулганатай адил тоглоом юм. Хүмүүс эвдэх гэж хичээнэ, бид эвдлэхээс сэргийлэх гэж хичээнэ." Hotz хэзээ ч Jobs оос юм сонссонгүй.
Apple фирмийг хамт бүтээн босголцсон Steve Wozniak цагтаа телефон утасны системийг эвдэлж явсан нэгэн бөгөөд Hotz руу баяр хүргэсэн захиа бичжээ. "Үнэхээр хэний ч шийдэж чадамгүй нууцлаг зүйлийг тайлж байгаа киноны үйл явдал шиг болжээ" гэж Wozniak надад бичсэн. "Би ийм юм хийхийг хүссэн хүмүүсийн хүслийг ойлгож байна. Мөн ийм хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж бодохгүй байна. Үнэндээ бол юмыг зориулснаас нь өөрөөр хэрэглэнэ гэдэг бол бүтээлч санааны үр дүн юмуу эсвэл түүний дагавар юм".
Hotz "jailbreak" буюу утасны түгжээ гаргах үйлдлээ дараа дараагийн iPhone утасны хувилбарууд дээр хоёр жил гаран хийж байгаад дараагийн байгаа онилов. Энэ нь дэлхий дээрх зугаацуулах чөлөөт цагийн бүтээгдэхүүний хамгийн ихээр голчлон хангагч Sony. Тэрээр Sony-гийн урдаа барьдаг, хүмүүсийн хэлдэгээр "дийлдэшгүй" Playstation 3 тоглоомыг өөрийнхөөрөө эвдэхийг хүсжээ. "PS3 худалдаанд гараад бараг гурван жил өнгөрсөн ч одоо болтол хакердуулаагүй байна. Одоо хакердах цаг нь болжээ" гэж 2009 оны 12 сарын 26-нд блог дээрээ бичиж байв.
"Миний амьдрал тэр чигээрээ хакердах байлаа" гэж тэрээр өнгөрсөн зуны зургаан сард California -н Palo Alto-д уулзахад хэлж байсан. Өмнөх сард нь тэрээр энд нүүж иржээ. Одоо 21 настай хөдөлгөөнтэй, жаахан хайнга хувцасласан нэгэн болж. "Би ямар нэгэн үндэслэлээр хакерддаггүй. Надад уйтгартай байдаг болохоор л би хакерддаг юм" гэж хэлэв.
"Hacker" гэдэг үг коллежийн оюутнууд технологийн салбарт компьютерийг судалж нээхэд хэрэглэдэг байсан. Муудлаа гэхэд л хакер хэмээсэн хүн нь ямар нэгэн элдэв шоглоом тоглоомны юм хийсэн хүнийг хэлдэг байв. Дал наяад оны эхээр бол Wozniak мэтийн хакерууд өөрийн гэсэн систем бүтээж түүгээрээ үнэгүй утасдаж чаддаг байв. Тэрээр бүр Henry Kissinger болж Ватикан уруу утасдаад том толгой лам нарыг утасны нөгөө үзүүрт дуудчихдаг нэгэн байлаа. Цаг хугацааны урсгалд "хакер" хэмээх үг цахилгааны сүлжээг гацаах, хэн нэгний мөнгөний картыг хулгайлах зэрэгт хэрэглэгдэж илүү хорон болж эхлэв. Өнөөдөр хоёр төрлийн хакер байдгаас нэг нь ийм үйлдлүүдийг хийдэг. Харин "цагаан малгайт" хакер гэж хэлэгддэг нь вирусны эсрэг програм бүтээх эсвэл армийн зориулалттай хамгаалалтын систем хийх зэргээр компьютерийг илүү сайн ажиллуулах тал дээр ажилладаг. "Хар малгайт" хакер гэгчид нь харин хуурч мэхлэх, довтлох үйлдэл хийж хүн амьтны уур барж явдаг юм. Саяхан болсон удаа дараагийн довтолгоо хийж Бразилийн том том банкнуудын үйл ажиллаагааг гацааж байдаг нь эдгээр хар малгайтнуудын үйлдэл билээ. Өмнө жилд нийтдээ арван мянга гаруй довтолгоо хийж байсан бол энэ жилийн арван сараас гурван сар хүртэлх хугацаанд тавин мянга болтлоо хар малгайтнууд идэвхижиж байна гэж Америкийн батлан хамгаалах нууцлалын хэлтсээс мэдэгдэл хийж байлаа.
Hotz-н хувьд хакердана гэдэг нь урьд өмнө нь хэрэглэгдэж байсан чанараасаа гажаагүй байв. Тэрээр машины дотор орж хэрхэн ажилладагийг нь судалж мэдээд өөрчлөх л хүсэлтэй нэгэн юм. Түүний хувьд хакердана гэдэг бол хэн нэгэн дээд ямбатны өөдөөс тэмцдэг спорт шиг зүйл. "Надад бараг эрэгтэй гормоны ялгарал шиг адилхан санагддаг" гэж тэр надад хэлж байлаа. "Энэ бол нэг төрлийн өрсөлдөөн. Өрсөлдөгч нь хүн биш систем. Тэгээд би ямар нэгэн систем биднийг захирч байхыг хүсдэггүй. Жишээ нь энэ систем гээд байгаа нь компьютер байж болох юм. Тэгээд би копмьютер дээр нэгэн юм хийх гэхээр компьютер жишээ нь 'Үгүй ээ, би энийг хиймээргүй байна.' гэнэ. Тэгэхээр нь өөрийнхөө хүслийг тулгаж дайрах нь бараг хүчиндэж байгаа юм шиг"
Бид Stanford ийн ойролцоо байдаг Hotz ийн нэгдүгээр давхарт байдаг гэрт нэг удаа сууцгааж байв. Гал зууханд хоолны захиалгын цааснууд энд тэндгүй хоосон Red Bull ийн савтай хамт хөглөрнө. Гялгар уутнууд, урж тасдсан талон, мөн компьютерийн хоосон хайрцагнууд том өрөөгөөр дүүрэн. Нэг компьютерийн хайрцагийг ширээ болгож хэрэглэсэн байв. Өрөөний буланд хөх матрац нугалаастай. Hotz халааснаасаа худалдаж авсан талонууд гаргаж шалан дээр асгаад гурван аварга том дэлгэцний урд хөлөө зөрүүлэн сууж авав. Энэ өдрийн үдийн үед худалдаж авсан iPad2-г гартаа барьсан байлаа. Өрөөний энэ тэнд тэмдэглэсэн цагаан самбар байх бөгөөд тэрэн дээр нь янз бүрийн тэмдэглэл алгоритмууд бичээстэй. Нэг жагсаалтны гарчиг жишээ нь "Өглөө бүр хийх зүйлс:" "7:15 аас сэрүүлгийн нэг л удаагийн дуугаралтаар сэрэх... усанд орох... шүдээ/хувцсаа угаах... витаминээ уух ... цэвэрхэн хувцаслах ... цэцгээ услах" гэсэн байх бөгөөд өөр нэг "Үл хүсэм зүйлс" гарчигтай жагсаалтанд "Сэтгэлзүйч рүү утасдах" мөн "Бие бялдрын клубт элсэх , тэгээд идэвхитэй хичээллэх" гэсэн байв.
Hotz таван настай байхдаа аавынхаа Apple II дээр яаж анхныхаа компьютер програм бичсэн тухайгаа ярив. Тавдугаар ангид байхдаа Radio Snach аас зардаг электроникийн эд ангиудыг залгаж анхныхаа өөрийн гэсэн видео-тоглоом хийж байлаа. Түүний ээж аав нь гэртээ байнга шатаж эвдэрсэн зүйлс (алсын удирдлага, автомат хариулагч машин) олдог байв. Сургуульд компьютерийн хичээл заадаг аав нь "тэр үргэлж юм сурах дуртай нэгэн байсан. Энэ чанар нь түүнийг хөтөлдөг" гэж хэлж байлаа. Hotz ангидаа уйдаж эхлэнгүүт дүрсгүйдэх зүйлсийг сэддэг нэгэн болов. Тэрээр нэг удаа сургуулийн компьютеруудыг хакердаж бүгдэнг нь нэгэн зэрэг Beethoven-ий 9 дүгээр синфонийг тоглуулж байжээ. Түүний ээж Marie Minichiello нь үйлчилгээний газар ажилладаг нэгэн бөгөөд түүний буруу үйлдэл хийхэд нь хатуу биш ч гэсэн шийтгэл өгдөг байсан ба "Сургуулиас болж хүсэл эрмэлзэл нь сөнөхийг би хүсээгүй юм" гэж ээж нь надад хэлж байсан.
Арван дөрвөн настай байхдаа жар гаран улсын дунд зохиогддог "Олон улсын ухаалаг шинжлэх ухаан инженерчлэлийн" тэмцээнд түрүүлж байлаа. Тэрээр "Өнөөдөр" гэдэг телевизийн нэтрүүлэгт өөрийнхөө зохиож бүтээсэн өрөөний хэмжилтийг хэмжиж компьютер луу дамжуулдаг дугуйтай роботтойгоо оролцож байв. Хөтлөгч Katie Couric үзэгчид рүү хандан "Шинжлэх ухааны мэдлэгтэй байна гэдэг үнэхээр гоё байдаг бололтой" гэж хэлээд зохимжгүй пад хар хувцасласан Hotz ийг орж ирэх үед "тэдний нэг жишээ нь George Hotz" гэж зарлав. Couric Hotz оос тоос сорогчийг технлогийн хувьд яаж сайжруулж болох тухай асуухад Hotz харин цэргүүдэд тусалж алан хядагчидтай тэмцэх нь хамаагүй сонирхолтой тухайгаа яриад "Жишээ нь цэргүүдийг оруулахаасаа өмнө ийм роботыг оруулж болно шүү дээ" гэж ярьж дуусах үед Couric "Өө наадах чинь мундаг санаа байна" гэж дэмжээд мөрөн дээр нь алгадаж "Жижиг биш чанга гавал юмаа даа чи чинь" гэж байв.
Hotz ахлах ангид байхдаа тархиндаа бодоод удирдаж жолоодож болдог "Segway" дугуйг удирддаг систем хийв. Өөр компаниуд үүнтэй ижил зарчмаар ажилладаг тархиараа удирдан компьюер тоглоом тоглож болдог байсан ч тархиныхаа бодлоор төмөр төхөөрөмж удирдана гэдэг бол тухайн үедээ шинжлэх ухааны гайхамшиг байлаа. Тархиар удирддаг систем жолоодож байгаа хүнийхээ тархинаас ирсэн сигналыг ягт нарийн биш ч гэсэн ажиллаж байсан юм. Төгсөх жилдээ 2007 оны олон улсын ухаалаг шинжлэх ухаан инженерчлэлийн тэмцээнд Star Trek киноноос сэдэвлэсэн 3D харуулдаг "I want a Holodeck" нэртэй дэлгэц бүтээж дахин түрүүллээ. Энэ удаад тэрээр электроник болон механик инженерчлэл гэсэн салбарт өрсөлдсөн бөгөөд 15 мянган доллараар шагнуулжээ. Зурагчинг тэр үед зураг дарахаас нь өмнө Hotz анх удаагаа хар тамхи татаж үзсэн байлаа. Час улаан нүдтэй гарсан зургаа харуулаад гоё байсан шүү гэж инээж билээ.
Надтай ярьж байх зуураа Hotz iPad2 оороо давхар тоглож байв. Тэрээр энэ шөнөжингөө үүнийгээ хакердах төлөвлөгөөтэй байсан боловч залгах залгуур байхгүй байв. Ингээд бид ойрхон байдаг электроник бүтээгдэхүүн зардаг дэлгүүр лүү машинаар явцгаав. Шөнө дунд болчихсон байсан бөгөөд зорьсон газраа дөхөх үед замын дохио улаан гэрлээр солигдоход "ямар ч хэрэггүй тэнэг улаан гэрэл хэнд хэрэгтэй юм бэ" хэмээн харааж машиныхаа хурдыг нэмэн давхив.
"Би ухамсартаа захирагдаж амьдардаг. Би хуулинд захирагдаж амьдардаггүй" гэж хэлээд дараа нь "Тэнэгүүд л хууль зохиодог байх" гэж нэмэрлэлээ.
Hotz сургуулиа төгсөөд Rochester Institude of Technology их сургуульд элсэн орж хэдхэн долоо хоногийн дараа Silicon Valleyд болдог Google-ээс зохиогддог дадлаганд оролцох гэж их сургуулиа хаяв. "Их сургуулиа хаяхаар шийдсэн гэхэд нь бид нар ерөөсөө гайхах юмуу уурлаагүй" гэж аав нь хэлж байсан бөгөөд харин байнга ганцаараа байдагт нь санаа зовж байгаагаа ярьж билээ. Hotz iPhone 3GS утасны түгжээ гаргадаг програмаа үнэгүй интернэт дээр тавьсан байдаг бөгөөд тэрнийхээ төлөө хүмүүсээс хандив авч түүгээрээ амьдарлаа залгуулдаг байв. Хандивын мөнгө хангалттай байдаг байсан тул хуучин цагаан Mercedes хүртэл авч унав. Гэвч хэдэн сарын дараа 2009 он гэхэд тэрээр Google-д байхаас уйдаж буцаад гэртээ New jersey-д ирлээ. Зарим хэнээт хүмүүсээс тэрээр байнга янз бүрийн төхөөрөмж илгээмжээр хүлээж авч хакерддаг байсан бөгөөд нэг удаа нэг нөхрөөс PlayStation 3 ийг хакердсан анхдагч болж чадах уу хэмээн сорьсон захидал хүлээж авчээ. Hotz энэ сорилтыг давна хэмээн интернэт дээр зарлаж биччихээд өнөөх төхөөрөмжийг хэрхэн өөрийнхөө хүсэлд тулгах вэ хэмээн шамдан суулаа. Hotz энэ удаа "hypervisor" хэмээх систем дээр ажилладаг програмуудыг хянаж зохицуулж байдаг хүчтэй програм дээр анхаарлаа төвлөрүүллээ.
Hypervisor-т хүрэхийн тулд тэр эхлээд Cell болон Cell Memory гэсэн хоёр чип дамжих ёстой байв. Тэрээр энэ хоёр чипийг яаж дөнгөхөө мэдэж авлаа. Санах ой руу утас залгаж байгаад хүчдэлийн долгионоор бөмбөгдөж iPhone ийг хакердсан аргаа хэрэглэв. Түүний ээж аав нь ямар нэгэн баяраар түүнд дандаа хэрэгтэй бэлэг бэлэглэдэг юм. 2009 оны шинэ жилийн баяраар түүнд 350 долларын үнэтэй нарийн гагнуурын алх өгч байжээ. Өрөөнийхөө шалан дээр сууж байгаад хар өнгөтэй PS3 ийн таглааг нь онгойлгоод чип рүү утас гагнаж дуусангуутаа хүчдэлийн долгионоор бөмбөгдөж эхлэв.
Дараа нь тэрээр машиныг удирдлагандаа оруулах тушаалуудыг бэлдэх хэрэгтэй болов. Маш олон шөнийн турш Hotz туршилтын програм PC дээрээ бичиж hypervisor дээр туршссан юм. "Hypervisor над уруу зөвхөн баас л буцааж өгч байлаа" хэмээн тэр үед бичиж байлаа. Hypervisor тэр үед алдааны код 5 гэсэн дугаарыг байнга буцааж шидэж байсан бөгөөд энэ нь хандах эрх байхгүй гэсэн мэдэгдэл ба хэрэв хандах эрхтэй болонгуут 0 гэсэн сигнал ирэх ёстой гэдгийг Hotz мэдэж байв. Хэдэн долоо хоногийн турш оролдсоны эцэст таван зуу гаруй мөр бүхий тушаалыг PS3 руу уншуулчихаад сэтгэл догдлон дэлгэц рүү ширтэж суутал дэлгэцэн дээр 0 гэсэн тоо харагдах нь тэр. Hotz бичсэн кодоо Финнеганы сэрэлт хэмээн нэрлэв.
2010 оны нэгдүгээр сарын 23 нд буюу анх зарлаж байсан хугацаанаасаа сар гаруйнхны дараа Hotz блог дээрээ "Би PS3-г хакердчихлаа" хэмээн бичлээ. Тэрээр хэрхэн хакердсан заавраа тавьж үнэгүй тараахаар тавив. Hotz тэр үедээ л хамгийн хүчтэй дйилдэшгүй байсан хоёр төхөөрөмжийг ийнхүү хакерджээ. BBC сувгаар өгсөн ярилцлагандаа "Юуг ч хакердах боломжтой" хэмээн тунхаглав. "Би одоо энэ систем дээр юу л бол юу хүссэнээ хийж чадна. Энэ нь бараг ер бусын хүчтэй болсон юм шиг санагдаж байна. Би харин үүнийг хааш нь нугалахаа л мэдэхгүй байна" хэмээн ярьж байсан юм.
Sony оос шинээр шинэчлэл хийсэн програм гарлаа. Энэ нь Hotz-н бүтээсэн hypervisor луу нэвтрэх боломж өгдөг OtherOS гэж нэрлэсэн үйлдлийн системийг хорьдог шинэчлэл байв. OtherOS үйлдлийн систем нь PS3 дээр линукс үйлдлийн систем ажиллуулах боломж өгдөг байсан юм. PS3 дээр линукс ажилладаг болсоноор зөвхөн тоглох биш дурын програм бичдэг боломжийг нээж өгч байгаа юм. Урьд нь бүгдээрээ Sony-оос гаргасан энэ хязгаарлалтанд дургүй байв. "Миний дургүй айхтар хүрч байна" гэсэн утгатай санал сэтгэгдлүүдийг Sony-ийн блог дээр уншихад мэдэгдэнэ. Зарим нь Hotz ийг дэмжиж эхлэв. "ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ГАЛЗУУ ҮЙЛ ЯВДАЛ!!! ХАКЕРУУДЫН НЭГДЭЛ!!! GEOHOT БИДНИЙГ ГЭРЭЛ РҮҮ ХӨТӨЛЖ БАЙНА!!! хэмээн давалгаалж эхлэв. Гэхдээ маш олон хүн бас Sony-оос гадна Hotz руу ууртай довтолж эхлэв. "Баяр хүргэе geohot, бусдын хөдөлмөрийг нураахаас өөр хийх юмгүй гэртээ суусан новш" хэмээн бичиж байлаа. Зарим нь бүр Hotz-ийн утасны дугаарыг бичиж түүн рүү утасдаж довтлохыг уриалж байв.
Түүний эсрэг зоссон энэ дайралтаас Hotz-д гайхагдахаар зүйл хийгээгүй мэт санагджээ. "Бүгд л над руу довтлох болов. Би ер нь тийшээ нэг их анхаарлаа хандуулахаа больсон" гэж тэр надад хэлж байсан юм. 2010 оны зуныг хятадаар дугуйгаар аялж өнгөрөөгөөд аав ээж дээрээ ирж амран Ayn Rand ийн номнуудыг уншиж байхад "ямар нэгэн юм хиймээр" санагдсан гэж дараа нь тэр хэлж байв. "Бид түүнийг муу замаас нь хөндийрүүлж чадсан" гэж түүний аав надад хэлээд "Тэр гэхдээ хэзээ ч муу юм хийж байгаагүй. Тэр үргэлж өөртөө зөв гэсэн юмаа л хийдэг байсан бөгөөд бид нар үргэлж хийсэн шийдвэрийг нь дэмждэг байсан" гэж нэмлээ.
Арван хоёр сарын сүүлээр Hotz PS3-г ахиад нэг хакердахаар шийдэв. Энэ удаа бүр зуун хувийн хяналтандаа оруулж Sony-ийн хорьсон зүйлийг сэргээхээр шийдэв. Шинэ оны босгон дээр сургуулийнхаа найзуудтайгаа пиво ууж телевизээр он тооллогын цаг урсахыг харж өнгөрөөлөө. Маргааш нь найзынхаа гэрт өлсгөлөн хүн сэрээд аав ээж дээрээ очиж жаахан ногоо бяслаг идээд бүх зүйлийг эргэцүүлж жаахан зогсов. Hotz PS3-ийн metldr (medloader хэмээн дууддаг) гэгч бүх юмны түгжээг тайлдаг мастер түлхүүрийн үүрэг гүйцэтгэдэг хэсгийг удирдлагандаа оруулах хүсэлтэй байв.
PS3 гурав дотор metldr түлхүүр нуугдсан байгаа гэдгийг Hotz мэдэж байлаа. Гэтэл тэр нууцлагдсан хэсэг рүү дайраад байх шаардлаггүй гэдгээ ухаарав. Тэр зөвхөн машины өөр газарт тусгай нууцлал тайлдаг програм ажиллууллаад тэндээ тэр түлхүүрийг харуулчихвал болох юм шиг санагдав. Ингээд metldr тэй яаж харилцахыг мэдэж аваад өөрийгөө харуул хэмээн тушаалаа. Арван минутын дараа гэхэд тэрээр PS3 -ийг бүрэн хакердаж чадав.
Курсор анивчин байгаа нь PS3 дээр Hotz-д бүрэн удирдлага байгааг илтгэх бөгөөд одоо тэр OtherOS суулгах, бусад дурын хакердсан тоглоом суулгах эсвэл өөр янз бүрийн япон програмуудыг суулгах боломжтой болж байгаа юм. Ингээд тэрээр нэгэн вэб хуудас бэлдэж тэрэндээ видео баримтжуулалт хийж хэрхэн хакердсанаа тайлбарлаж харуулав. Гэтэл тэрээр үзэн ядагдлаа. Apple хэзээ ч jailbreak хийсэн хүнийг хохирохоор байдалд оруулж байгаагүй бол Sony харин урьд өмнөх өөрчлөлтүүдээсээ илүү хүчтэй эмзэг хүлээж авав. PS3 ийн нууцлал дээр Sony маш их хөдөлмөр зарсан байж. Гэтэл Hotz тэр хөдөлмөрийг нь үгүй хийхээс гадна хувийн халдашгүй хэсэг рүү зорчиж болох үүдийг нээж өгчээ.
Энэ бүхнийг эргэцүүлж бодоод тэрээр хуулбарласан програм ажиллуулахгүй болгосон код бичиж баримтжуулж байгаа хэсэгтээ "Би хулгайн програмыг дэмжихгүй" гэж мөр нэмлээ. Гэсэн ч тэрээр өөр бусдын санаа бодлыг сонсох хүсэлтэй байв. Ингээд хакерууд цугларч байдаг чат руу орж өөрийнхөө хийсэн юмаа дэлгэх үү яахав хэмээн асуув. Хэн нэг нь "Тэг" гэж хэлэв. "Мэдээлэл үнэгүй байх ёстой" гэж Hotz надад хэлж байсан юм. Энэ бол бидний энэ үеийн тэмцэл юм. Мэдээллийг хянаж хорихын эсрэг, мэдээллийн эрч чөлөөний тэмцэл" гэж байжээ. Тэгээд ч ээж аавынх нь яриагаар бол тэр өдөр Hotz жаахан мансууруулах бодис татсан байж. Тэр өдөр Vicodin болон OxyContin хэмээгч хүний эмзэг мэдрэмжийг удаашруулж мэдрэмжийг сатааруулдаг зүйлс татсан байсан гэж өөрөө хэлж байсан. "Юу ч байсан бай сайхан мэдрэмжтэй байвал болоо" гэж хэлээд тэрээр энтер товч дарж бүх зааврыг дэлгэхээр илгээв.
2011 оны Нэг сарын 11 ний өдөр New Jersey-д гэртээ Age of Empires II тоглоом тоглож суутал Sony-с шүүхдэж байгааг мэдэгдсэн захидал ирэв. Уг захидалд компьютер ашиглан хууран мэхлэх, буруугаар ашиглах мөн хувийн мэдээлэлд халдлага хийх зэрэг үйлдлээ шүүхээр шийдвэрлүүлж таслан зогсоохыг анхааруулсан байв. Sony ийн мэдэгдлээр бол програмын хулгайнаас болж жилд найм милиардын алдагдал гардаг гэнэ. Цаашлаад Sony түүнээс хэрэглэсэн багажийг нь хурааж мөн интернэт дээр тавьсан заавраа татаж авахыг шаардсан байв.
Вэб дээр энэхүү мэдээлэл тархангуут баахан техникийн хэнээтнүүд Hotz ийн хуудас руу шавж авч болох бүх програм багажнууд татаж эхлэв. David Touretzky гэгч Carnegie University-д компьютерийн эрдэм шинжилгээ хийгч мөн мэдээллийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нэгэн бөгөөд Hotz ийн бүх файлуудыг хуулбарлаж авч чадсан нэгэн юм. Тэрээр өөрийнхөө блог дээр "Sony гийн хийж байгаа үйлдэл бол хэлж баршгүй тэнэглэл. Чөлөөт ярих эрхийг интернэт дээр хорино гэдэг бол салхины өөдөөс нулимсантай ижил." Электрон төхөөрөмж хэрэглэгчдийн нийгэмлэг хүний электрон ертөнц дэх эрхийг хамгаалах бүлгээс гаргасан мэдэгдэлд Sony vs Hotz гэсэн тэмцэл бол "маш аюултай" илгээмж юм. "Sony зарж байгаа компьютер дээрээ оюуны өмчийн эрхтэй ч тэр нь хүнд худалдагдаж очоод хувийнх нь өмч болчихсон байсан ч Sony-ийн өмч гэдэгтэй бид эвлэрэхгүй. Хэрэв та бүхэн компьютер худалдаж авсан л бол тэр таны өмч байх ёстой."
Sony харин Hotz-ийн хакердсан үйлдлийг маш аюултай үр дагавартай гэдэгт итгэсээр байв. Хэрэв хүмүүс худалдаж авсан компьютераа хакердаж нэвтрэх юм бол тоглоом бүтээж байгаа хүмүүсийн эсрэг шударга бус хандана гэсэн үг. Тэд тоглоомны дүрмэнд захирагдахгүйгээр бүгдийг нь хулхидаж дийлэх болно. Sony-ийн америк дахь салбарын дэд өмгөөлөгч Riley Russel тухайн үед "Бид ийм үйлдлийг зогсоосноор өөрсдийнхөө болон хэрэглэгчдийн оюун ухааны өмчийг хамгаалж байгаа юм" гэж хэлж байжээ.
Зургаан сарын 14 нд G4 гэгч кабел телевизийн "Attack of the Show" гэж тоглоом тоглогчдын дунд нэр хүндтэй нэвтрүүлэгт Hotz уригдаж оролцов. Нэвтрүүлэгч Hotz оос ямар шалтгаанаар шүүхэд дуудагдсаныг лавлахад "Sony-г галзуурууллаа гэж" хэмээн тоглож хариулж байв. Гэхдээ тэрээр мэдээллийн эрх чөлөөний төлөө гэдэгтээ нухацтай байр суурьтай байгаагаа хэлж байв. Дараа нь тэрээр "The Light It Up Contest" нэртэй хип хоп дуу бэлдэж Youtube дээр тавив. Вэб камерийнхаа өмнө цэнхэр цамцтай тэрээр сууж хийсэн бөгөөд ар талд нь түүний компьютер харагдаж байлаа. "Yo, энэ бол geohot" гэж эхлээд бөмбөрийн хэмнэлт эхлэнгүүт "хэрэв хэн нэг нь энэ тухай урьд нь дуулаагүй бол, Sony намайг шүүхдсэн юм" хэмээн рэпдэж эхлэв. Сүүлдээ тэрээр ширээн дээрээ үсрээд гарах нь уу гэлтэй "Гэхдээ би тэднийг тоохгүй, тэд бол мөнгөний нэгэн байгууллага харин би бол эрх чөлөөний төлөө зогссон нэгэн."
Hotz-ийн рэп чатлах өрөөнд байгаа хүмүүсийн талархлыг татаж чадсан ч шүүгчдэд харин нөлөөлсөнгүй. California ийн шүүх Sony-н Hotz ийн үйлдэлд хориг тавих шүүхийн заргыг зөвшөөрч компьютерийн нууцалсан мэдээлэл рүү нэвтрэх, хакердах үйлдлийг нь хорив. Цаашлаад шүүхээс Sony-д Twitter, Google, Youtube, and Bluehost гэж түүний интернэт түгээгч байсан газруудад Hotz ийн тараасан мэдээллийг татаж авсан хүмүүсийн мэдээллийг шаардаж авах эрхийг хүртэл олгов. Мөн цаашлаад Sony-д Hotz ийн PayPal хэрэглэгчийн данс руу нэвтрэх эрх өгөх нь тэр. Ингээд зарим хүрээнд тэрээр жинхэнэ тэмцэгч баатар болж тодров. Hotz-ийн нэгэн фэн блог дээрээ "geohot = хүн төрөлхтнийг аврагч" гэж бичиж байлаа.
Баатар маань дагалдагчидтай болж эхлэв. Hotz мөн удалгүй хамгийн алдартай хакерчид Anonymous ийн хүндэлтгэлийг хүлээж авав. Өнгөрсөн хэдэн жилд Anonymous бүлгэм инженерчлэлийн ертөнцөд ярих эрх чөлөөний төлөө нэрийн доор маш олон дайралт тэмцэл хийж байсан. Бүлгэмийн гишүүд мөн Scientology сүмийн эсрэг тэмцэж байсөн бөгөөд бүлгэмийн үзлээр бол тэд хүний ярих эрх чөлөөг хянаж байна гэж тунхаглаж байж. wikiLeaks ийг хамгаалж төрийн вэб хуудаснуудыг хүртэл унагаж байжээ. Саяхан бас тэд нар Wall Street ийг нураах хөдөлгөөнд хамтарч эсрэг талынхаа хүмүүсээс Мексикийн хар тамхины алдарт дамчин Zeta тай холбоотой хүмүүсийн жагсаалтыг хүртэл гаргаж байлаа. Sony хакердуулж байх үед Anonymous аль хэдийн өөрийн гэсэн домогтой болсон байв. Инээдмийн нэвтрүүлгийн хөтлөгч Stephen Colbert тэд нарыг "Донтсон хакеруудын бригад" хэмээн нэрлэдэг байхад бусад хүмүүс "Интернэтийн хагас цэрэгжилтийн жигүүр" гэж бас нэрийддэг юм.
Anonymous бол олон улсад тархсан нэгдсэн төвлөрөлгүй тодорхой тогтсон хэлбэргүй зөгийн үүр шиг эд. Тэд нартай нэгдэхийг хүсвэл та зөвхөн "би тэд нарын нэг нь" гэж хэлэхэд л хангалттай. Хэн ч өөрийнхөө жинхэнэ нэрээр оролцдоггүй. Иймэрхүү далд бүлгэмд байдагчлан зарим нь бүр хэтрүүлэх тохиолдол ч байдаг. Хэдэн жилийн өмнө Hollywood-д нэгэн энэтхэг зуушны газар Anonymous хөдөлгөөний нууц уулзалтанд оролцох урилгаар би нэг удаа очсон юм. Anonymous гэхээр тэднийг бүлэг электрон ертөнц дэх террористууд гэж голдуу хүмүүсд тусдаг байх. Гэтэл тэд нар бүр хүүхдээрээ шахуу залуухан, нэлээн хатуу тоглоом шоглоомтой гайхамшигтай зохион байгуулах чадвартай залуучууд байх нь тэр. Anons гэж гишүүд дундаа өөрсдийгөө ярьдаг юм байна. Олон нийтийн хэвлэл мэдээлэл, хөдөлгөөнт мэдээллийн төхөөрөмж, халдлага гэх мэт бүх төрлийн замаар мэдээллийг олон нийтэд хамгийн шилдэг түгээгчид гэж тэд өөрсдийгөө үздэг аж.
Дөрвөн сарын эхээр Anonymous бүлгийн нэгэн гишүүн интернэт дээр #OpSony буюу Operation Sony нэрийн доор нэгэн чат өрөө бэлтгэв. Энэ ажиллагааны зорилго нь "Sony ийн тавьсан хяналт хязгаарын эсрэг тэмцэж байгаа энэ залууд туслах нь Anonymous ийн үүрэг мөн" гэж бичсэн байлаа. Дэлхий даяар тархсан код бичигчид гар утас юмуу компьютернээсээ холбогдож төлөвлөгөөн дээр ярилцаж эхлэх нь тэр.
Чат өрөө дүүрэх үесд Anons-чууд Sony-ийн хуулийн өмгөөлөгчдийн холбогдох хаягуудыг дэлгэж хэрхэн үр дүнтэй довтолгоо хийх тухай ярилцлаа. Sony дэлгүүрүүдийн гадаа Flash mobs хийх үү? Принтерийнх нь хор нь дуустал тас хар цаас хэвлэх үү? Аягүй бол тэд denial of sevice DDoS дайралтын эсрэг хамгаалалтгүй бол вэб хуудаснуудыг нь унатал нь довлох уу? гэх мэтчилэн санаа уралдуулцгааж байлаа.
Дөрвөн сарын дөрвөнд Anonymous олон нийтэд зарлаж төлөвлөгөөгөө мэдэгдэв: "Sony, чамд баяр хүргэе! Чи одоо Anonymous ийн анхаарлын төвд бүрэн орлоо. Чи зөгийн үүрийг эвдэлж дотор нь боовоо чихлээ. Хийсэн үйлдлийнхээ үр дүнг Anonymous аас буцааж авах болно." Цагийн дотор гэхэд Sony.com болон PlayStatino.com хаягнууд унав. Youtube дээр Anonymous "Hotz ийн эсрэг шүүхдэхээ зогсоо. PS3 дээр дурын өөрчлөлт хийж болох эрх олго" гэж шаардсан видео тавив. Anonymous-ийн гишүүдийн нүүрэндээ өмсөж харагддаг Guy Fawke масктай зурагны дээр нь "Үнэнч хакер geohot-ийг тайван байлга" гэж бичсэн байв.
Гудамжинд жагсаал цуглаан дээр үүсдэг гажуудал хэтрүүлэг интернэт дээр бас болдог. Хүмүүс энх тайван дуулж жагсаж байхад хэн нэг нь цонхны цаанаас чулуу нүүлгэхэд л самуун эхэлж байгаа юм. Ингээд удалгүй нэгэн Anon-ы дүрсэлсэнчлэн гар бөмбөг тэсрэх мэт дайн эхлэх нь тэр. SonyRecon гэгч хакер Sony ийн ажилчдыг хакердаж geohot-ийн өшөөг авахаа зарлав. Өөр нэгэн Anon, Sony-ийн удирдах тушаалтнуудын гэр бүлийн гишүүдийн нэр хаяг, утасны дугаар зэргийг дэлгээд довтлох арга барилаа бичиж заналхийлэв:
Бид нар та нарын хаалганы босгон дээр чинь баачихаад зугатах болно. dude чи үнэхээр хаалганых нь гадаа баамаар байна гэж үү? сургууль уруу нь утасдаж эмнэлэг рүү түргэн авахуулаад: geohot -д чи ийм хайртай юм гэж үү, гээд л..
Ээж аавынхаа гэрийн нэгэн мухарт хөглөрсөн унтлагны өрөөндөө Hotz компьютерийн дэлгэцний өмнө Anonymous-ийн зарыг сэтгэл зовнино харж суулаа. "Энэ бүхнийг би хийж байгаа гэж Sony битгий бодоосой бурхан минь" гэж тэр үед бодож байснаа надад хэлж билээ. Тэрээр хийсвэр ертөнц дэх иймэрхүү дайн, тэр байтугай хэн нэгний гэрийн гадаа өтгөн шингэнээ цацна гэдэгтэй санаа нэгддэггүй нэгэн юм. "Би бол Anonymous-ийн эсрэг зогсдог" гэж тэрээр хэлээд. "Намайг George Hotz гэдэг. Миний хийж байгаа бүх юм бүгдэд нээлттэй дэлгэмэл, хууль зүйн хүрээнд байдаг" гэв.
Дөрвөн сарын 11 нд Sony-гоос Hotz-той тохиролцов гэсэн мэдэгдэл хийв. Түүндээ Sony-гийн бүтээгдэхүүнд reverse-engineering ашиглаж бүтээгдэхүүний нууцыг дэлгэхгүй гэсэн журман дээр зөвшилцөлд хүрлээ гэлээ. Гэвч Hotz-ийг дэмжиж байгаа хүмүүсд энэ журам нь бас нэгэн хорионы хэлбэр хэмээн харагдав. Зарим нь "GEOHOTИЙГ ЧӨЛӨӨЛ" гэсэн цамц өмсөж, зарим нь San Diego мөн Costa Mesa хотод байгаа Sony дэлгүүрийн гадаа жагсаж байв. Хар малгайт хакерууд өшөө хөнөөлтэй довтолгоо Sony руу хийхээ зарлав.
2011 оны дөрвөн сарын 19 ний 4:15 цагаас San Diego хотын Sony төвийн ажилтан дөрвөн сервер заавар өгөөгүй байхад унтарч асаж байгааг анзаарлаа. Сүлжээний багийнхан серверийг сүлжээнээс тусгаарлаад хандалтын лог файлыг шинжилж эхлэв. Тэдний олж тогтоосноор хэн нэг нь сервер лүү нэвтэрч чадсан байсан бөгөөд бусад машин уруу бас халдсан байж болзошгүй байв. Sony шуурхайлан PlayStation Network хэмээх онлайн тоглоомын сүлжээгээ унтраав. Компаний мэдээлсэнээр төлбөр төлж тоглоом тоглох, эсвэл кино үзэж болдог энэ сервисийн 77 сая хэрэглэгчдийн мэдээлэл хаяг, нууц үг, төрсөн он сар, захианы хаяг зэрэг хулгайлагдсан байлаа. "Тухайн үед яг баталж чадахгүй ч Крэдит картны мэдээлэл давхар алдагдсан байж болзошгүй" хэмээн PlayStation ийн вэб сайтны блог дээр тухайн компанийг төлөөлөн яригч Patrick Seybold бичиж байлаа. Хэдийгээр үүнийг Anonymous гишүүд хийсэн үү эсвэл үймээн самууныг далимдуулсан нэгэн байв уу гэдэг нь тодорхой бус байв.
Нууцлал хариуцсан мэргэжилтэнгүүд энэ хулгайг урьд өмнө болж байгаагүй хамгийн том хулгай боллоо гэж мэдэгдэв. Sony PSN сүлжээ тодорхой бус хугацаагаар хааснаа мэдэгдэж түүнийгээ нөхөх гэж долоо хоног бүрт арван саяын алдагдалд орж байгаагаа зарлав. Anonymous болохоор хариуцлагыг хүлээхгүй няцааж харин уг компанийн эсрэг үйл ажиллагаагаа зогсоолоо.
Дөрвөн сарын 28 ны 4:51 ээс Hotz PSN ийг хакердсан хүмүүсд зориулж ил захидал бичив. "Өөрийнхөө төхөөрөмжийг эвдэлж нууцыг нь илрүүлнэ гэдэг бол мундаг харин хүний серверийг эвдэж дотор нь байгаа хэрэглэгчийн мэдээллийг хулгайлна гэдэг бол муухай юм. Та бүхэн хакеруудын нэр хүндийг унагаж байна." гэж хэлсэн байлаа. Hotz хар болон цагаан малгайт хакеруудын ялгааг тодорхойлохыг мэрийж байлаа. Гэсэн ч тэрээр энэ болсон үйл явдалд тусалсан гэдгээ мэдэж байв.
Таван сарын нэгэнд Sony Online Entertainment үйлчилгээний өгөгдөл дутуу байгаа илрүүлж 22 сая хүний мэдээлэл алга болсныг олж мэдэв. Техникийн ажилтнууд сервер болгон дээр гарын үсэг мэт үлдээсэн нэгэн файл олов. Уг файлд Anonymous гэж гарчиглаад "Бид бол легионууд" хэмээн бичсэн байв. Тэр өдөр Tokyo-д болсон нэгэн хэвлэлийн хурал дээр Sony ийн гүйцэтгэх захирал Kaz Hirai өөр хоёр ажилтантайгаа цуларсан олны өмнөх тайз руу орж ирлээ. "Бид чин сэтгэлээсээ уучлалт хүсье" гэж Hirai хэлээд микрофоноо ширээн дээр тавин найман секунд гаруй олны шажигнасан зураг авалтын өмнө бөхийж ёслов. Зарим онлоайн үйлчилгээнүүд хэдхэн хоногийн дараа засагдаж ажиллана гэсэн боловч үнэндээ бүтэн системээ сэргээтлээ хоёр долоо хоног болсон юм.
Sony удалгүй шинэ өрсөлдөгчтэйгөө тулалдах болов. Anonymous ийн дэлбэлэгч бүлэг болох Lulz Security буюу товчоор LulzSec бүлэг юм. Энэ бүлгийн гишүүд үргэлж хөгийн юм хийж зугаацдаг бөгөөд тэдний нэг нь Twitter дээр Lulz Boat гэгч өөрсдийгөө "таны зардлаар дэлхийд хамгийн дээд хэмжээнд зугаацан чадагчид" хэмээн бичсэн байлаа. Тэдний эхний хорон хошин ажиллагаа бол WikiLeak ийг бүтээгч Julian Assange ийн эсрэг сөрөг мэдээлэл тавьлаа хэмээн таван сарын 30 нд PBS вэб хуудсыг хакердсан байв. Хакердсан хуудсан дээрээ тэд нар Tupac Shakur болон Biggie Smalls нар New Zealand-д нуугдан амьдарч байгаа бөгөөд тэнд оршин суугчид нь тэр хоёр рэпчид хэр удаан тэнд байгаа хэлэхгүй байгаа бөгөөд нэг нөхөр бүр "энэ тухай энд би юм ярихгүй" хэмээн хэллээ гэж худлаа мэдээлэл тавьсан байлаа.
PBS ийг хакердсаны маргааш нь тэр бүлэг Sony руу анхааруулсан tweet жиргээ хийж эхлэв. "Хөөе @Sony" гэж эхлээд "Бид нар та нарын доторх бүх зүйлийг чинь мэдэж байхад та нар одоо болтол мэдэхгүй байна уу? Удаан гацаатай байгаа биз дээ жаалуудаа" гэж бичицгээж байв. Зарим нь үүнийг компаний эсрэг geohot ийн хийж байгаа үйлдэл гэж үзэв. "Энэ бүлэг өөрсдийнхөө хакер George Hotz-оо өмөөрч Sony руу заналхийлсэн захидал илгээж байна" гэж тэр үед блог дээрээ нэг нь бичиж байсан юм.
Зургаан сарын 2 нд LulzSec Sony Pictures ийн вэб хуудсыг хакердаж жишээ болгоод сая гаран хүний нууц үгийг нь дэлгэж тавив. (Sony сүүлд нь үүнийг нь хорин долоон мянга байсан гэж хэлдэг). Бүлгийнхний хэлж байгаагаар бол хэн нь "мастер хакер" вэ гэж харуулах гэсэндээ биш харин Sony ийн аюулгүйн хамгаалалт хэр нүхтэй байгааг харуулах гэсэн юм гэж байв. Lulz хэлэхдээ "Sony өөрсдөө гуйсан болохоор л тэгсэн" гээд, Хэрэглэгчийн нууц үгэнд нууц хувиргалт хийлгүйгээр ердийн текст хэлбэрээр хадгалсан байсан гэж зарлав. Түүнийг дагалдагчид нь хэлсэн энэ тайлбарыг нь мэдээж "бэлэн юмнаас ёстой юу дуртайгаа ав" гэсэн уриатай юм шиг ашиглан энгийн SQL Injection ашиглаж систем рүү цөмөрч оржээ. "Маш энгийн injection ашиглаж бид нар бүх юманд нь гар хүрч болж байсан" гэж тэд хэлж байсан юм. "Яагаад та нар ийм энгийн дайралтыг тогтоох чадваргүй байгууллагад итгэж хувийн мэдээллээ өгч байдаг юм" гэцгээж байлаа.
Хар малгайтнууд хакердсан газрынхаа том том эрх мэдэлтнүүдийн захианы хаягийг нийтэлж эхлэв. 2011 оны зуны турш бараг өдөр болгон шахуу технологи мэдиа төрлийн байгууллагууд руу довтлогоо хийгджээ. Эхлээд Nintendo хакердуулав, дараа нь Sega тэгээд Electronic Arts, New Corporation, Booz Allen Hamilton, NATO бас Lady Gaga гээд явж өгөв. Тэр байтугай C.I.A хүртэл хакердуулав гэж LulzSec мэдэгдэж байлаа. Энэ зун бол Lulz ийн мандан бадарсан зун байлаа. Hotz энэ хакеруудын дайныг хөхүүлэн дэмжээгүй ч өөрт нь харамсалтай байгаа ч гэж харуулаагүй юм. Нэг орой Palo Alto-н нэгэн ресторанд цуг хоол идэж байхдаа Sony ийн эсрэг довтолж байгаа энэ дайралтанд өөрөө ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. "Хэрэв техно хувьсгалчид онлайн анархи болж байвал болж л байг" гэж хэлээд "Би ямар шалтгааныг нь гаргасан биш. Ингэж заваарч байх нь надад таалагдаж байна." гэж билээ.
Hotz хакер хүнийг "дадлага туршлага суусан нэгэн" гэж дүгнэдэг байв. Дангаараа дадлага туршлага тэр хүний сайн муу гэж ялгадаггүй. Харин хэрхэн хэрэглэх вэ гэдгээс л ийм ялгаа үүснэ гэж хэлдэг байв. Facebook ийн эцэг Mark Zuckerberg магадгүй тэр үеийнхээ хамгийн алдартай хакер байж болох юм гэхдээ Hotz бол үнэн чанараараа үнэхээр хакер мөн. Тэр техникийн сорилтыг давж тэрүүгээрээ сэтгэл хангалуун байж хакерддаг нэгэн. Тэрээр хэзээ ч хар юмуу цагаан малгайт болно гэж бодолгүй хакерддаг. "Компьютерийн хакер гэгч бол усны хоолойн цорго нээгч л гэсэн үг" гэж тэр блог дээрээ бичиж байв. Хамгийн сүүлд түүнтэй дараах зун нь Las Vegas-д болдог DefCon хэмээх хакеруудын цугларалтан дээр тааралдахад тэрээр хар цув өмссөн хүмүүстэй бааранд ямар нэгэн зураглал үйлдэх биш харин нэгэн мухрын өрөөнд зөөврийн компьютер дээрээ програм бичиж байж билээ.
Sony-той тохиролцсоны дараа сард нь буюу өнгөрсөн хавар Hotz California руу нүүж тэнд Facebook дээр бүтэн цагаар ажиллах болов. Вэб хуудас технологийн сайжруулалт хийсэн гэснээс өөр юу хийж байснаа ерөөсөө хэлээгүй юм. Зарим нь түүнийг Facebook өөрт нь хакераар балаг тариулахгүй гэж ажиллуулж байгаа гэж үзэж байхад зарим нь түүнийг мөнгөнөөс болж тэгсэн гэж үздэг. "Чи мэдээж George Hotz гэсэн нүхнээсээ орж гарч байгаа мөнгөндөө цадаж байгаа байлгүй" гэж түүнийг шүүмжлэгчдийн нэг нь бичиж байв.
Интэрнэт ертөнцөд хараахан дэлгэрээгүй байх үед нь би Hotz той Palo Alto-д уулзаж ярилцлага авч байсан юм. Facebook ийн цэнхэр цамц өмсөж усанд орж цэвэрхэн харагдаж байлаа. Тэрээр өглөө эрт босож (өнөөх сануулгын самбар дээр бичсэнчлэн) ажилдаа явдаг гэх бөгөөд "Бүх юм маш хурдан хөгжиж байна. Интернэт ёс заншил залуухнаараа байна" гэж хэлж байсан юм. Тэрээр надад нэрийн хуудсаа өгсөн бөгөөд тэрэн дээр нь "Би бол хамгийн хууль зүйд нийцдэггүй төхөөрөмж мөн" гэж бичсэн байлаа. Найман сарын дараа тэр ажлаасаа гарав. Тэрээр яагаад гарсанаа хэлээгүй бөгөөд өдөр тутмын ажил түүнд тохирохгүй юм байна лээ гэж билээ. "Facebook дотор ажиллах зугаатай л юм байна лээ" гэж тэрээр яриад "гэхдээ хүмүүс тэнд яаж удаан ажиллаж чадаж байн аа гэж би гайхсан" гэж ярьсан юм. Дараа нь тэрээр Panama руу аялаад Palo Alto руу буцаж ирсэн. Тэрээр дараа нь юу хийхээ хэлээгүй бөгөөд юм хийсэн ч интернэт дээр зарлахгүй гэж билээ. "Би хангалттай тууллаа" гэж хэлж байсан юм.
Хангалттай туулсан нь тэр ганцаараа биш байлаа. 2012 оны гурван сарын 6 нд америкийн цагдаагийн газраас Anonymous болон LulzSec ийн гишүүд болох зургаан элит хакеруудыг шүүхдэх болсоноо мэдэгдэв. Шүүхийн тогтоол гүйцэтгэх газартай хийсэн миний албан ёсны ярилцлага дээр "Тэдгээр гол гишүүдийг баривчлах нь хамгийн чухал байлаа" гэж мэдэгдэж билээ. Hotz хэзээ ч Anonymous болон LulzSec ийн гишүүдтэй холбоотой байгаагүй юм. Хэдийгээр тэд нар нь түүний талд байгаа юм шиг үйлдлээ үргэлжлүүлж байсан ч тэдний хувь заяа түүнд ерөөсөө чухал биш байв. "Бусдын эрх чөлөөний төлөөх нэгэн би" хэмээн рэпдэж байсан залуу тулалдаанаас гарав. Тэрээр баривчлагдсан хакеруудын төлөө өөрийнх нь хэлдэг шиг "ухамсрын шүүн яллах" үйлдлээс татгалзав. "Би зөвхөн техник шүүн яллалт хийх болно" гэж тэрээр надад хэлж билээ. "Хэрэв тэд нар үнэхээр сайн байсан юм бол баригдахгүй л байх байсан шүү дээ."
Эдгээр баривчилгааны дараа ч гэсэн зарим Anon ууд үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж тангараглаж байв. Компаниуд ч гэсэн шаргуу үзэлцсээр байв. "Өнгөрсөн жил бол хийсвэр ертөнц дөх гэмт хэрэгтнүүд ямар хэцүү гэдгийг харуулсан жил байлаа" гэж Sony Corporation ийн америк дахь салбарын дэд ерөнхийлөгч надад захиан дээрээ бичиж байсан юм. Оюуны өмчийг болон нууцлалыг хамгаалах гэсэн шинэ салбар Sony нээж түүнийхээ тэргүүлэгчээр дэд өмгөөлөгч Nicole Selimen-г тавьсан бөгөөд удаан хугацааны туршид хакеруудын бай болж байлаа. Нууцлал аюулаас хамгаална гэдэг бол дуусашгүй дайн болж байна гэж Кennedy цохон тэмдэглэж байв. "Эцсийн эцэст ямар ч систем баталгаатай биш" гээд "Байнгын сонор сэрэмж бол хамгийн чухал" гэж эцэст нь тэмдэглэж байсан юм.
Өнгөрсөн таван сард Foster хотоос хагас цаг машинаар явах зайд байдаг Sony ийн америкийн удирдлагын төв дээр Hotz ийг урив. ("Бид өөрсдийнхөө үйлчлүүлэгчид болон системийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс эвдэлж чадсан бүх боломжийг сонирхон судалж байна" гэж Kennedy тэр үед надад хэлж байсан.) Жаахан сандарч сэтгэл догдолсон тэрээр ууттай шоколадан үрэл идэж заримаас нь асгаруулсаар хүлээн авах өрөөнд орж ирэв. "Хэрэв тэр өрөөнд хуульчид сууж байсан бол би ёстой хамгийн тэнэг хүн болох байлаа" гэж тэрээр дурьдаж билээ. Гэтэл өрөө дүүрэн PS3-г бүтээсэн инженерүүд хүндэтгэлтэй харцаар угтаж байв. Тэд бүгдээрээ Hotz хэрхэн тэдний бүтээлийг эвдэж чадсаныг мэдэхээр цугласан байв. Ингээд өнөөх хакерын дайныг эхлүүлсэн нөхөр хэсэг хугацааны дараа тэд нарт өөрийнхөө арга барилыг тайлбарлаж эхэллээ.
Эх сурвалжийг эндээс уншаарай.
Мэдээллийг Галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэл