Алмас

Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хуулийн тухай:
Хууль нь 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар анх батлагдсан бөгөөд сүүлийн хэдэн жил энэ хууль нь уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж Алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан дургүйцэж тэмцсээр ирсэн юм.

Уг хуулийн 4.6-д
Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.
гэж заасан байдаг бөгөөд энэ нөхөн олговрыг авч чадаагүй хэмээн, мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэж байна гэж тайлбарлацгаадаг юм. Гэвч энэ тийм биш. Үнэхээр нөхөн сэргээлт хийсэн үү? Зүгээр л төрөөс мөнгө нэхэж байгаа юу? Энд бас хийх зүйл их бий гэдгийг түр орхиод гол зүйлээ бичье.

Энэ хууль бол яг л улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр яв гэдэг шиг уул уурхайг болох газар нь хай олборло, харин бидний ирээдүй, уух ус, идэх хүнс, амьсгалах агаарын эх үүсвэр болсон хэсэгт ухаж болохгүй гэдгийг л заасан хууль байсан. Гэтэл энэ 2015 оны 2-р сарын 18-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр энэ хуулийг бараг л ямар ч ашиггүй зүгээр нэр төдий зүйл болгож хувиргаж байгаа юм. Байгаль дэлхий, ус, ой мод бүгд хоорондоо нарийн шүтэлцээ холбоотой оршин байдгийг та бид мэднэ. Гэтэл Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд асар аюултай хуулийн өөрчлөлт орууллаа.

Хуульд өөрчлөлт оруулсан үндэслэл нь:

*Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны тодорхой ордуудыг ашиглах.

гэнэ. Тэгвэл энэ нь тодорхой хэдхэн уулзвар дээр л улаан гэрлээр нэвтрүүлдэг болгохын тулд нийт замын хөдөлгөөний дүрмийг улаан ногооноор зэрэг явуулдаг болгоё гээд дүрмийг нь өөрчилж байгаагаас ялгаагүй зүйл болжээ. Бүх голуудын хувьд энэ хууль үйлчилж бид гол усаа ширгээж газар нутгаа бохирдуулах дээрээ тулчихлаа.
Энэ хуулиар боломж олгосны дагуу та бидний махыг идэх малын бэлчээр үгүй болж, бохирдож, бас ус нь ширгэж, дээр нь уул уурхайн химийн хорт хаягдлаар бохирдох болно. Бид тэр нутагт бэлчсэн малын махыг иднэ, яваандаа тэр мал үхэж дуусах үед бид идэх хүнс, уух ус ховордон Африкийн улс шиг л болно. Бас бид зун аялах газар, гадаадын жуулчдыг татан аялуулах аялал жуулчлалын салбар маань ч лөөлөө болно. Мөн гадаад руу мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортоор гаргаж худалдах боломж маань ч байхгүй болох нь дээ.

Мөн бид өнөөг хүртэл алт ухсан компани, уул уурхайг хөгжүүлсэн компаниуд дотроос Эрдэнэтээс бусдаас нь олигтой ашиг олж чадаагүй. Гэтэл одоо энэ олон уурхайг дэмжиж, ингэж ухуулаад ашиг олох уу? ҮГҮЙ!!! Тиймээс бид өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг иржээ. Бид энэ хуулийг тайван жагсаал цуглаан хийж, бүх өөрийн сувгаар ярьж хэлж тэмцэж, төр засгийн энэ буруу шийдвэрийг буцаах хэрэгтэй байна. Энд хэн нэгнийг буруутгаж, эсвэл шийтгэж, эсвэл зэвсэг бариад тэмцэх талаар яриагүй юм шүү. Бид дэлхийн бусад оронд Америк, Японд байдаг шиг зүгээр тайван, ямар нэгэн хүчирхийлэл, бухимдалгүй жагсаал цуглааныг олон нийтээрээ зохион байгуулан тэмцэхийг уриалж байна. Бүх Монгол залуусаа ирээдүйнхээ төлөө, эх орныхоо төлөө нэгдэцгээе. Бидэнд дуугай суух, ажиглаж харах эрх байхгүй, цаг хугацаа байхгүй. Энэ зүйл дээр л ганцхан тэмцэж, ганц энэ хуулийг бид хамгаалах ёстой. Дэмжиж байвал энэ бичвэрийг хуулан тараагаарай. Нэр, эх сурвалж дурдахгүй байж болно. Хамгийн гол нь олон Монгол хүнд үүнийг ойлгуулъя. Цаасан дээр хэвлээд тараасан ч болно шүү дээ. Ухаалаг, бас бусад тэмцэж буй хүмүүсийг зөв буруу гэж хардалгүй энэ хуулийн өөрчлөлтийг буцаахын төлөө бид яг одоо тэмцэхгүй бол оройтох болно.

Уул уурхайг дэмжигчдийн хэлдэг нэг үг бий. "Бид ухахгүй бол, бусад нь өрсөнө" гэдэг. Энд би болсон явдал гэхэд онигоо шиг зүйлийг бичье. Найз маань Германаас ирэх замдаа Москвагийн онгоцны буудал дээр онгоц дамжиж суух үедээ онгоцонд дараалалд зогсон орж байхад хоёр нөхөр хөлсөө гоожуулан урдуур дайраад л орж гэтэл мань хоёр Монголын нэлээн дээгүүр албан тушаалын 2 хүн байсан гэж байгаа. Бусад бүх хүн дараалалд зогсоод орж байхад шүү дээ. Үнэн хэрэгтээ бол онгоцонд бүх суудал тасалбарын дагуу бүх хүн орж заасан суудалдаа суудаг. Бас нэгэн хошин явдал, эмгэнэлтэй ч гэмээр. Сая 1 сард Япон руу компанийн групп аялалын хөтчөөр яваад ирсэн хөтөч бүсгүй ирээд ингэж ярьсан юм. Монголчууд маань нээрээ л бүдүүлэг юм аа уг нь гайгүй боловсролтой, гайгүй албан тушаал хашдаг хүмүүс гэж бодсон чинь дараалал дайрч урдуур зүтгээд, намайг хэлэхээр "би тэгж дараалалд зогсож доошоо орохгүй" гэх юм гэж ярьж билээ. Хэдийгээр цөөхөн хүн ч гэсэн үүнийг гадаадад "Монголчууд бүдүүлэг" гэж л харагдуулж буйн адил "тэвчээргүй" зүйл юм. Үнэндээ бол нүүрс үнэ цэнээ алдана гэдэг бол хаана ч байхгүй худал зүйл. Өнөөдөр нано технологиор хамгийн нимгэн, хамгийн бөх бат материалыг нүүрснээс гаргаж авч, нүүрснээс шатдаг хий, шатахуун, хамгийн хатуу алмаасыг гарган авч байна. Тэгвэл ийм зүйлийн түүхий эд үнэгүйдэх үү? Ингэж худлаа ярих нь зүгээр л цөөн хэдэн хүний ашиг сонирхол л юм. Түүнээс хэн ч биднээс өрсөхгүй, бас бид уул уурхайн түүхий эдийн хувьд өрсөж, түрүүлж, хурдан зарах биш түүхий эдээ боловсруулж, үнэтэй, гуйлгаж байгаад, зарах худалдах боломжтой.

Нэг ёсондоо бол зарим хүмүүс Янхан хүүхэн шиг сэтгээд байна л даа. Угтаа бол бид Хааны Гүнж шиг сэтгэх хэрэгтэй байна. Хэн ч тоохгүй янхан хүүхэн Хөрөнгө оруулагчид хэмээх баян нөхдүүдэд тоогдох гээд, нөгөөдүүл нь тоохгүй байгаатай ижил зүйл сэтгэж байна. Янхан хүүхэн шалдлаад дээшээ хараад хэвтээд байгаа мэт үзэл бас тэр үзлийн суртал ухуулга юм. Угтаа бол манай улс байгалийн олон баялагтай, бусдын нүдэнд бол Хааны гүнж шиг зөвхөн Хан хүү ирж л уурхайд хөрөнгө оруулахаар ажиллах ёстой. Манайд одоо дэлхийд хамгийн муугаар дуудагддаг, засгийн газрыг лоббиддог, худалдан авдаг, тухайн улс орныг сүйрүүлдэг, нэр хүнд муутай, Хятад, Канад, Францын хамгийн муу компаниуд хөрөнгө оруулах нэрээр манайхныг хойноосоо гүйлгэдэг. Манайхан өөрснөө янхан хүүхэн шиг аашлахаар арга ч үгүй биз. Бусад том компани, Япон, Германчууд бол тоохгүй өрөвдөөд л харж суугаа.
Бас Монголчууд бидэнд онгон дагшин байгаль, тэр байгальд тарьж ургуулсан ургамал, тэр байгальд бэлчиж буй мал гээд дэлхийд одоо хамгийн үнэд орж эхэлж буй "Байгалийн гаралтай, органик цэвэр хүнсний ба малын гаралтай бүтээгдэхүүн" байна. Түүнийгээ хамгаалахын тулд бид уул уурхайг дээрх хуулиар хязгаарлан барьж, зөвхөн боломжтой газруудад явуулах хэрэгтэй.

Ноён уулын төлөө тэмцэж буй залуусыг дэмжиж байгаа маань үүний зөвхөн өчүүхэн хэсэг. Энд ганц уулын тухай яриа биш Монгол улсын ойтой, устай бүх хэсгийг хамгаалах тухай яриа, Монголчуудын ирээдүйг хамгаалах тухай яриа юм шүү гэдгийг уншигч таныг ойлгоосой гэж хүсэж байна.

2015-02-24 

  • 1432
  • 3
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

g
Ganaa (зочин) хэзээ бичсэн: 2021-11-22 21:21 | |

- Бүгдийг нь уншсан боловч, хуулийн яг ямар өөрчлөлт орсон, түүний юу нь болохгүй байгаа тухай гол хэсэг нь бүрхэг хэдхэн өгүүлбэрт багтсан байснаас олигтой ойлголт авч чадсангүй. Андаа, дахиад нарийвчлаад тайлбарлаж өгвөл сайн байна.

гэсэнд хариулж бичлээ:

Энэ хуулийн дагуу Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоол гэсэн хоёр тогтоол гаргаж энэ тогтоолуудын дагуу эдгээр бүсүүдийг тогтоосон байдаг юм билээ. Энэ дагуу урд нь авагдсан байсан олон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Гэтэл одоо тэр тогтоосон бүсүүдийг буруу тогтоосон гэж үзээд хумиж ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр шууд гол, мөрнөөс тодорхой метр заан шууд талбайг тогтоохоор болж байгаа юм. Гэтэл ус бүрэлдэхдээ ойрын хэдхэн метр зайнаас бүрэлддэг байж таарахгүй. Гол, мөрөн бүр янз бүрийн булаг шанд эх үүсвэрүүдтэй, тэр нь голоос хэдэн арав, зуу янз бүрийн зайнаас эх авч урсаж байгааг тооцоолж хүчингүй болгосон байсныг өөрчлөөд хүн харахад хууль хэрэгжээд байгаа мэт, хууль яг хэвээрээ байгаа мэт боловч яг хэрэг дээрээ зүгээр л цаасан дээрх зүйл болж хувираад энэ хууль байгаль хамгаалах яг жинхэнэ чадал нь байхгүй болчихож байгаа юм.

Сэлэнгэ мөрнийг жишээ нь хүн гэж гэж үзээд сэлэнгэ мөрөн рүү ус цуглуулдаг байгалийн тогтоц хэсгүүдийг түүний хоол гээд бодох юм бол тэр хүнийг зөвхөн гэр дотор нь л хоол идэх боломжтой гэж заагаад гэрээс нь гарвал хоолыг нь ухаад ч юм уу, мал, ногоог нь байхгүй болгож байгаатай адил гэсэн үг юм. Гэр дотор нь хоол байвал Сэлэнгэ гэдэг нөхөр амьд байна. Гэрээс гараад 200 метрээс цаашаа бол тэр нөхөр хоол авах эрхгүй ийм байвал Сэлэнгэ гээд нөхөр амьд байж чадах уу? Юу гэж бодож байна даа? Ер нь бол хуулийг зүгээр ямар ч хэрэггүй нэр төдий гууль болгож байгаа юм.

Доорх нийтлэлүүдээс хэсэгчлэн хуулж тавилаа. Уншаад сонирхоорой.

Жишээ нь нэгэн гишүүний ярилцлага дээр "Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор 1336 тусгай зөвшөөрөл, 800 орчим аж ахуйн нэгж хамрагдаж байгаа юм. 1336 тусгай зөвшөөрөл нь өнөөдөр хүчинтэй мөрдөгдөж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувь, хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь нь юм." гэж бичжээ. Одоогийн хүчинтэй хэрэглэгдэж байгаа тусгай зөвшөөрлүүд энэ хэмжээгээр нэмэгдэж орж ирнэ.

- Гол мөрний урсац бүрэлдэх эх:

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний урсацын дийлэнх хэсэг буюу 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг бүсчлэлийн кодоор кодлон дугаарласан 18 аймгийн 109 талбай, 6958 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт /км/, талбай /км.кв/, харъяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон.

- Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс:

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжийг гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд хүлээн авч нэгтгэн боловсруулсан.

Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай гэж бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71.6 хувийг хамруулан энгийн хамгаалалтын бүсийг тогтоолоо. Энгийн хамгаалалтын бүсийг газарзүйн байршил, геоморфологи, геологийн тогтоцоос нь шалтгаалан хангайн уулархаг раойнд 200-500 м хүртэл, тал хээр, говийн раойнд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийг улсын хэмжээнд 3335 талбайн 2 833 700 /2.8 сая/ газарзүйн цэгийн солбицлыг тогтоосон.

- Ойн сан бүхий газар:

Монгол орны ойн сангийн нийт талбайн 18.8 сая гектар буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 12.03 %-ийг эзлэх ба үүний 14.2 сая.га буюу 75.4%-ийг навчит шилмүүст мод, 4.6 сая.га буюу 24.6%-ийг заган ой эзэлнэ.

Ойн сангийн талбай нь заган ойг оролцуулаад 18 аймгийн 215 сум, 1 хотын 6 дүүргийн нутагт янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, орон зайн байрлалын хувьд үргэлж биш зарим хэсэгт бие биеэс тасарсан 300 000 орчим талбай /ялгарал/-аас бүрдэж байна. Ойн сан бүхий газарт хамрагдаж байгаа дээрх 300 000 орчим полигон хэлбэртэй зургийг цэгэн хэлбэрт шилжүүлэн ойн сангийн хилийн заагийг нийт 1725237 цэгийн солбицлоор тус тус тогтоогоод байна.

Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 24 болон 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан “гол, мөрний урсац бүрэлдэх эх”-ийн хилийн заагийг 109 нэгж талбайн 6958 цэгийн солбицлоор, “ойн сан бүхий талбай”-н хилийн заагийг 31089 нэгж талбайн 1,7 сая цэгийн солбицлоор, “усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийг 4460 нэгж талбайн 57313 цэгийн солбицлоор тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танилцуулсан.

Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаар хуралдаанаар алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталж, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол гаргуулаад байна.

Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн XXXI.5-д “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд орхигдуулсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэнээр орхигдуулсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ЗГХЭГ, БОАЖЯамнаас нэмж оруулснаар уг тогтоолд алтны шороон ордын ашиглалтын 242 тусгай зөвшөөрлийг хамруулан хуулиар хориглосон бүсийн хилийн заагийг тогтоогоод байна.

Алмас хэзээ бичсэн: 2015-02-24 15:00 | |
Эмүжин

Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв.

Торгон дээлтэй ноёд төрийн ордонд хөлхөлдөж, тохойн чинээ хөөрөг зөрүүлэн золгож байх мөчид хатавчийг нь бараадан хаяа хатгасан харц ард хар цай ч үгүй, халуун дулаан итгэл ч үгүй гундуухан шинэлэв. Гутруухан цагаалав. Ц.Элбэгдоржийн ээжтэй эндүүрэм Д.Цэрэннадмид хэмээх 60 насыг хол гарсан эмээ шинийн 2-ны өдөр сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, таван хүүхдээ сандаргаж, тавгүйхэн өнжив. З.Энхболдын аавтай адилтгам өндөр настай Н.Борхүү гуай бор эсгий нөмрөн болзоот уулаа хамгаалахаар эрслэн суусаар энэ өдөртэй золгов. Эртний түүхт Ноён уулыг тойрсон орчин үеийн домог ийнхүү өрнөж ахуй дор УИХ-ын эрхэм дарга айдгаа авдартаа хийж амжаад, аль эрт Наран улсыг зорин нисч одлоо. Түүнийг мордохтой зэрэгцэн Японд ажиллаж, сурдаг монголчууд Ноён уулыг хулгайлан "Сентерра гоулд" компанийн халаасанд хийснийх нь төлөө З.Энхболдыг ширүүхэн угтахаар дориухан үгтэй лоозон бэлтгэж буй тухай цахим ертөнцөөр царгиад эхэллээ. Энэ мэтээр Ноён уулыг аварч үлдэх гэсэн түмэн олны тэмцэл,хөдөлгөөн Монголоос хальж, дэлхийн монголчуудыг доргиосоор багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь харсаар суугаад,хашгирсаар байгаад Ноён уулыг нохойд тавьж өгдөг дээрээ тулж, гэгээн цагаан өдрөөр гэрийнхээ бүслүүрийг алдсанаас өөрцгүй өөдгүй луйварт өвгөдийнхөө бунхантай хамт автав бололтой.
Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" компанид өгөх ажиллагаа ердөө сар хүрэхгүй хугацаанд ер бусын хурдтайгаар өрнөлөө. Магадгүй энэ нь асуудлын учир 50-70 тонн,хаана ч хэвтэж л байдаг алтандаа бус,мөнгөөр хэмжишгүй үнэд хүрэх, өөр хаанаас ч олдошгүй эртний язгууртнуудын булш бунханд байгаа юм биш биз хэмээсэн хардлагыг төрүүлж буй нь нууц биш. Олон зуугаараа тэмдэглэгдсэн булш бунханаас цөөн хэдийг нь алтан дор нууж гаргаад эртний эд өлгийн зүйлсийн наймаачидтай хуйвалдахад л хэмжээлшгүй ашиг олохоо гаднынхан хэнээр ч заалгахгүй гэсэн хардлага хүчээ авч байна. Нөгөө талаар цаг хугацаатай уралдах шалтгаан " Сентерра гоулд"-д бий. Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Батболдын хэлж байгаагаар Ноён уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр манай эрдэмтэд 2014 онд ЮНЕСКО-д хандсан бөгөөд мэргэжлийн экспертүүд ирж газар дээр нь үзээд энэ оны тавдугаар сард Парист болох хурлаар эцэслэн шийдэж, данслан авахаа мэдэгдээд буцжээ. Нэгэнт Ноён уулыг Дэлхийн соёлын өвд бүртгэчихвэл монголчууд бид ЮНЕСКО-гийн өмнө,цэнхэр гаригийн өмнө хариуцлага хүлээх юм. Ухаж ууталдаг ч худлаа болно. Тиймээс хавраас өрсөн Ноён уулыг ноёдын бунхантай нь хамт нохойн замаар шогшуулах ажиллагаа богино хугацаанд бодлоготой хэрэгжив. Амжилттай ч боллоо,авдагаа ч авлаа.
Учир нь энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордыг хэд хэдэн нүүрсний уурхайн завсар нэр хавчуулж байгаад Стратегийн орд газарт оруулан баталжээ. Хулгайн аргаар хийсэн энэ ажиллагааг хэвлэлийнхэн анзаарсангүй, хэзээ хойно шуугиад ч оройтсон байв. Чухам 23-ны өдрийн эл шийдвэртэй уралдан Канадын Торонтогийн бирж дээр " Сентерра гоулд" -ын хувьцааны ханш 7,8 канад доллар хүртэл гэнэт өсч,гэртээ багтахаа болив. Стратегийн орд газарт багтсанаараа Ноён уул дархлаагаа алдав. Дараагийн дайралт үүнтэй зэрэгцэн өрнөсөн гэж хэлж болно. Тэгэхдээ хуулийн цоорхой,ашиглаж болох сулхан заалтууд дээр сурмаг ажиллан,боловсон луйвар хэлбэрээр хэрэгжүүлсэн нь сонин. Гацууртын орд буюу Ноён уулыг Стратегийн орд газарт хамааруулан тооцсоноос эхлэн иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл өөр өөрийн арга барилаар,бүх төвшинд өрнөснийг бид мэднэ. Босоо хөх Монгол хэмээх хөдөлгөөний гишүүд өлсгөлөн зарлан, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд буйраа дугуйлсан бол эмч,судлаач,эрдэмтэн,хуульч тэргүүлсэн залуус өдгөө нэгэнт алт олборлохдоо бэлтгэн Ноён уулаас 1,8 км-т барилга байшингаа бариад дуусчихсан байгаа "Сентерра гоулд"-ын олборлолт явуулах талбайд нэвтэрч, " Сентерра гэртээ харь" зэрэг англи хэлээр бичсэн лоозонгоо барин эсэргүүцэл зарлав. Монгол залуус өөр болсон шүү гэдгээ нотлон тэд эх орондоо өрнөж буй үйл явдлын тухай англи,франц хэлээр мэдээ бэлтгэн гаднын хэвлэл,сайтуудад түгээснээр өнөөх өндрөө авсан " Сентерра гоулд"-ын хувьцааны ханш 5,6 канад доллар болтлоо багахан ч гэлээ урууджээ. Хэнгэрэг барьсан бөө нар талбайд болсон жагсаалд оролцож олны нүд,чихийг татлаа. Түүгээр ч барахгүй 140 гаруй бөө Богд ууланд гарч зан үйл үйлдэн,бөөнөөрөө өлсгөлөн зарлагчидтай санаа нэг байгаагаа илэрхийлж гарын үсгээ үлдээлээ. Олны танил жүжигчид,дуучид,тамирчид ч тэднээс дутсангүй, Ноён уулыг хамгаалах үйлсэд нэгдэн гарын үсгээ зурахаар хэдэн өдөр дараалан талбайд очсоор байгааг хувийн нүүр хуудсандаа байрлуулсан зураг, мэдээллээс нь харж болно. Одоогийн байдлаар Байгал орчны иргэний зөвлөл, Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, Хөвсгөл далай ээж хөдөлгөөн, Байгал орчны хуульчдын холбоо, Босоо хөх Монгол зэрэг 10 гаруй төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг хүргүүлсэн гэсэн бүрэн бус мэдээ бий. Ямартай ч Ноён уулыг аврах ажиллагаа хүссэн ч хүсээгүй ч З.Энхболдын мэдэл,хяналтаас хэтэрч, монголчуудыг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр нэгтгэж чадсан нь эндээс харагдана. З.Энхболдыг энд онцолдог нь учиртай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Ноён уулыг хулгайн аргаар Стратегийн орд газарт яагаад хамааруулсан тухай сэтгүүлчийн хариу нэхсэн асуултанд " З.Энхболд дарга батлаад яаралтай оруулаад ир гэж оны өмнө үүрэг өгсөн" хэмээн ам алдсан нь энэ асуудал дээгүүрээ дэндүү хурдтай,хуудуутай өрнөснийг гэрчилж байж ч болох. Үйл явдал үүгээр дууссангүй.
Монголчууд бөхөө үзэн баясч,битүүлэхээр идээ шүүсээ бэлтгэж байх зуур УИХ-ын эрхэм гишүүд Ашигт малтмалын тухай болон, ус мөрний эхийг хамгаалахаар баталсан Урт нэртэй хуулиндаа өөрчлөлт оруулснаар Ноён уул " Сентерра гоулд"-ын мэдэлд бүрэн утгаараа шилжсэн гэж хэлж болно. Чоно борооноор гэгч болсон нь энэ бөгөөд жүжиг зүгээр ч нэг өрнөсөнгүй. Урьд өдөр нь буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшилдээ үлдээх,эсэх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар энэ оролцоог бага байна хэмээн үзээд буцаасан. Гэтэл дараа өдөр нь буюу битүүнд чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд " Дээрх хуулиудад өөрчлөлт оруулж... Гацууртын ордоос Монголын төр ашигт малтмалаа ашиглуулсны тусгай татвар авах замаар асуудлыг шийдсэн нь эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна" хэмээн үзэж буйгаа зарлан зүүдээ ярих гээд хулгайгаа дэлгэж орхилоо. Өдгөө ч хэвлэлийнхэн түүний энэ үгийг ойлгож ядан, Гацуурт буюу Ноён уулын хувь тавилан хаашаа эргэснийг ухаарч цөхөн сууна. Хүннүгийн үеийн 2200 жилийн настай булш бунханууд Дэлхийн соёлын өвд бүртгэгдэхээсээ өмнөхөн алттай хамт харьд ачигдах уу, уурхайн тэсэлгээтэй хамт уурших уу гэдгийг одоо хэн ч хэлж мэдэхгүй байна. Мэддэг мэргэн цоохор болох З.Энхболдын чуулган хааж хэлсэн үгэндээ дурдсанаар бол бид Гацууртын ордод эзэмших хувь ч үгүй,ердөө ашигт малтмал ашиглуулсны татвар аваад үлдэж байгаа бололтой. Юутай ч энэ эрхэм хэлсэн үг, хулгайгаар гаргасан шийдвэрээ монголчуудын өмнө төдийгүй ЮНЕСКО-гийн өмнө хариуцаж таарна. Бидэнд олдсон мэдээллээр " Сентерра гоулд"-ын өмнө ийнхүү бөхөлзөх бодит шалтгаан эрхэм спикерт байдаг гэх. Төрийн өмчийн хорооны дарга байсан үетэй нь холбоотой эл шалтгаанаасаа болж дэлхийн түүхийг хүүрнэх Ноён уулыг ухуулах шийдвэр гарган, энэ олон хүний сэтгэл нийлсэн тэмцлийг нугачин дарахаар шуударсан нь үнэн бол өчүүхэн хүмүүн өөртөө бүдэрнэ хэмээгч болсон нь энэ биз ээ. Дашрамд дурдахад " Сентерра гоулд" компани Бороогийн орд газраас 53 тн алт олборлон,нутгийн иргэдийг хандив зэрэгхэнээр хуурсан саяхны түүх шинэхнээрээ байна. Киргизэд энэ мэтийн луйвраа давтсан нь өнөөг хүртэл Олон улсын Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж буй мэдээлэл байдаг. Монголчууд бид тэдний алдааг давтан,хэдэн жилийн дараа улаа эргэтэл улс дамнаад шүүхдэж явахыг үгүйсгэхгүй. Нэгэнтээ Ерөнхий сайд асан Б.Бямбасүрэн " Монголын парламентийг гаднын уул уурхайн компаниуд хүссэнээрээ донгосуулж чадаж байна" хэмээн халагласан. Саяхандаа УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ " Парламентийн танхим хулгай нүүрлэсэн газар болсон" гэж зоригтойхон дуугарсан. Магадгүй, Ноён уулыг тойрсон энэхүү луйвар, өрнөж буй тэмцэл өнөөгийн Монголын төр ямархан хямдхан, ямархан наймааны хар зах болсныг гэрчилж байж ч болох. Гацууртын ордын алтыг авахын төлөө захын нэг компани орж ирээд, парламентийг нь лообийдон, гурван ч хуульд нь гар дүрүүлж чадаж байгаа нь үнэн бол Монголын төр мохоо үзэгний ч үнэгүй болжээ. Цаашдаа эх орноор минь дүүрэн энэ их баялгийн төлөө үүнээс ч илүү ичгүүрийг бидэнд үүрүүлэхийн дохио эхнээсээ ирж байж ч болох. Оюутолгой ч бас битүүний өдөр яаран сандран хэлэлцэж, хулгайгаар шахам баталсан хуулийн өөрчлөлтүүдийн золиосонд золигт гарчихаагүй үлдсэн гэх найдлага алга. Өдгөө Ноён уулыг хамгаалахад нэгдэн гарын үсгээ үлдээсэн 20 мянга орчим иргэн, гадаад дотоодоос нэгдсэн хилийн чанадад суугаа монголчууд, хахир хүйтэнд хөөгдөж туугдан өлсгөлөн зарлаж суугаа нутгийн хөгшид Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид найдан хүлээж буйгаа илэрхийлцгээж байна. Хүн бол төрийн үндэс хэмээн тунхагласан Хүннү гүрний хаад, газар бол улсын үндэс хэмээн ухааран зарлаж чадсан өвөг дээдсийнхээ өмнө, түүнчлэн өнөөг хүртэл үүсэл гарлаа судалсаар буй дэлхийн их түүхийн өмнө хэлэх үг, үүрэх хариуцлагаа ноён Ерөнхийлөгч ухаж буй хэмээн найдна.
xvv хэзээ бичсэн: 2015-02-24 12:03 | |



:-)