(Хамгийн сүүлд засварласан: 2011.01.19)
Монгол бичигээ сэргээх талаар бид ирээдүйн төрийн түшээддээ уриалга гаргаад байгаа билээ. Энд зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу? гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүсд хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд нэг ийм бичлэг оруулж байна. Таалан соёрхоно уу!
Монгол бичигээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:
1. Хэрэв бид үндэсний бичгээ сэргээж чадвал Халимаг, Өвөр-Монголоос эхлээд дэлхийн өөр өнцөгт суугаа бусад Монголчууддаа Их Монгол улс сэргэж буй зурвасыг илгээж, интернет сүлжээ болон бусад байдлаар дэлхий дээрх бусад Монголчуудтайгаа өөрсдийн бичиг үсгээр ойлголцон харилцах болно. Энэ нь тэртээ нэгэн цагт Чингис хаан тархай бутархай омог аймгуудыг нэгтгэсэн шиг Монгол үндэстнийг нэгтгэн холбох гүүр болж өгнө. Монголчууд цөөн гээд хөгждөггүй гэдэг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд тарсан Монголчуудыг оюун санаагаар нэгтгэж чадах зүйл бол тэдний хоорондоо харилцах боломжийг олгох бичиг үсэг, соёл, урлаг билээ. Өнөөдөр урлаг соёлын хүрээнд Өвөр Монголчуудтай харьцангуй сайн холбоотой байж чадаж байгаа нь үүний нэг жишээ болов уу. Хэрэв бичиг үсгээрээ нэгдвэл бид түүнээс илүү олон зүйлсийг хоорондоо дамжуулж, холбогдож чадах болно. Монголчуудыг сул дорой байлгах санаархал бүхий бусад улсын улс төрийн нөлөөнд бичиг үсгийг нь сольж мартуулж чадсан билээ. Одоо эрх чөлөөт Монголчууд бид өөрсдийн бичиг үсгээ сэргээж бусад улсын нөлөөнд буй бусад Монголчуудаа дагуулах, дуудах, тэдэнтэйгээ холбоотой байх ёстой буй заа.
2. Өөр нэг том ач холбогдол бол үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг".
Харин уйгаржин бичиг гэгдэх энэ бичиг үнэхээр Монголчуудын бичиг мөн юм уу?
12-р зууны орчимд Уйгарчуудын бичиг үсгээс авч Монгол хэлэнд зохицуулан анх Монгол бичгийг авч байсан гэх түүхтэй. Ямар ч байсан тэр үсгүүдээс аваад 800 гаран жилийн турш хэрэглээд, хөгжүүлээд, өөрийн хэлэнд зохицуулж ирсэн, тухайн бичгийн хувьд янз бүрийн уран гоё бичих урлагууд хүртэл гараад хөгжөөд ирсэн бичиг тул Уйгар бичиг гэж хэлэгдэхгүй боловуу. Монгол бичгийг Бидний Монголчуудын бичиг биш, бид бусдаас авсан гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна л даа. Япончууд ч бас анх бичиг үсгээ Хятадуудаас авсан. Гэлээ гээд одоо бол Япон бичиг, хятад биш. Тэрэнтэй адилхан бид 800 жилийн өмнө хэнээс авсан нь чухал биш байхаа. Монгол бичиг бол Монголчуудын бичиг. Харин крилл бол биш, магадгүй 750-800 орчим жилийн дараа гэхэд одоогийн Монгол бичиг шиг Монголын бичиг болж магадгүй л юм. Гэхдээ Монгол бичгийн бас нэгэн том үүргийг нөхөж чадахгүй болов уу. Монголын хамгийн хүчирхэг байсан үеийн Монгол бичиг нь бусад олон Монгол угсаатныг холбох холбоос байж ч болох талтай.
Түүхийн хугацааны туршид Монголчууд 10 гаран бичиг үсгийг өөрсдөө зохион, бусдаас аван хэрэглэж байсан ч уйгаржин гэгдэх Монгол бичиг маань энэ цаг хугацааг туулан, шалгаран үлдэж иржээ.
Мөн Монгол бичиг нь олон олон овог аймгуудын дуудлага, нутгийн хэллэг, хэлний онцлогийг ялгалгүй хадгалж, багтааж чаддаг өвөрмөц онцлогтой...
3. Авцалдаа муутай, ойлгомжгүй кирилл бичгийн дүрмээс Монгол бичгийн дүрэм эмх цэгцтэй цогц, Монгол хэлний маань салшгүй хэсэг гадна илрэх төрх нь юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох. Нэгээхэн жишээ дурдахад: http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html бичлэг болоод сэтгэгдэлд байгаа асуудлууд бүгд Монгол бичигт бол тулгарахгүй. Өөр олон хүнд кирилл бичгийн иймэрхүү жишээнүүд байгаа гэж бодож байна.
4. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь крилл-ээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд крилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа. Энэ талаар яг энэ чиглэлээр судлаад ажиллаж байгаа хүмүүсийнх нь бичлэгүүдтэй танилцаж, тэднээс энэ талаар мэдээлэл авч болох байхаа. Ямартай ч мэдээллийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь хувьд ингэж ярьцгаагаад байгаа юм.
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
http://www.badral.net
http://zorigt.blogspot.com
5. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь кирилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судалдаг олон хүн үүнийг батлах байхаа.
«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»
6. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Кирилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн, уран яруу үгсээр ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ренчин гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярьсаар, бичсээр ирсэн.
Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь кирилл бичиг юм болов уу?
«...
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?
- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «…Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ...»
7. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.
«...
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг Монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.
Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо Монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...»
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.
8. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэдэг бол нэг хором ч гэсэн хэмнэхсэн...
Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Энэ талаар надад одоогоор яг баримт байхгүй ч Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг. Олны үг ортой байхаа.
г.м Монгол бичгийн кирилл бичгээс давуу талууд болоод, зарим нь зайлшгүй бид Монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой, шаардлага болох болов уу гэж тунгаах юм.
Энэ талаар http://forum.dusal.net/viewtopic.php?p=12027 руу орж илүү дэлгэрэнгүй, няцаалт болоод үндэслэлүүдтэй уншиж болно. Бас энэ ярилцлагыг уншаагүй байгаа бол уншаад үзээрэй! http://origo.mn/index.php?z=/0/0/68/142/
Цаг үе нь тохиромжтой байна уу?
Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихээсээ өмнө нийтлэлийг уншиж байна уу. Тайлбарлаад бичсэн зүйлсийг уншилгүй эсрэг тайлбаргүй сэтгэгдэл бичиж байх шиг санагдлаа.
1. Харин ч зөв бичихэд илүү хялбар, тогтсон ойлгомжтой дүрэмтэй.
2. Сурчихвал амархан.
3. Монгол хүн бол Монголоороо уншаад ойлгох байлгүй дээ.
4. Үгүй шүү маш амархан. Харин ч илүү хялбар. Ер нь бол техникийн асуудлыг хэлэндээ зохицуулж хийх зүйл. Япон хэл гэхэд хирагана, катакана үсгүүд Монгол бичгийн үсгүүдтэй адил, дээр нь хэдэн мянган ханзтай, Хятад бол бүүр ч олон. Гэхдээ бүгдийг шийдээд техникт хэрэглээд л явж байгаа.
5. Энэ дээр Кирилл үсэг ч ялгаагүй хэцүү, гадаад үгийг яг тэр чигээр нь хэлнэ гэж байхгүй. Ер нь гадаад үгийг яг тэр хэвээр нь галиглаад, авч хэрэглээд байдаг улс байдаггүй байх аа.
6. Энэ нь унших, ойлгоход хялбар болгох өөр давуу талуудтай. Илүүц зүйл биш л дээ.
7. Харин ч хүүхдийн тархины хөгжилд сайн байж мэдэх юм. Жишээ нь Япончууд хэдэн үсэг, хэдэн ханз, Хятадууд хэдийг үзээд тэр нь яаж ачаалал, сэтгэхүйг нь хөгжүүлж улс орон нь хөгжиж байгаагаас бар харж болох талтай.
8. Англи, Оросууд хэзээнээс үсгээ хэрэглэсэн юм бол? 13-р зууны үсэг болохоор сольё гээд сольдоггүй. Кирилл үсгийг бид сүүлийн 60-70 жил л идэвхтэй хэрэглэж байгаа байх.
9. Харин ч эсрэгээрээ Кирилл бичиг нь сэтгэхүйг доройтуулж байгаа гэж бодож явдаг даа.
Угаасаа төрийн шийдвэр гарсан 2025 оноос төрийн албан бичиг Монгол бичгээр явах болно.
Яагаад? Та маш буруу бодож байна. Англичууд өөрсдийн бичиг үсгийг хэлээ өөрчлөгдлөө гээд л солиод байна уу? Оросууд бас, Хятад, Япончууд сольж байна уу? Үгүй юм аа. Хэл аялга хичнээн өөрчлөгдлөө ч бичиг үсгээ өөрчлөх шаардлага байхгүй юм л даа.
Би кирийл гэдэг үсгээр, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмээр огт алдаагүй бичиж чадах ч тэгж бичихгүй. Зориуд, бүр хэлээ хазаж ярих мэт бичсэн хүүхдүүдийг боломж гарвал урамшуулан өөгшүүлж баймаар санагддагийн. Учир нь бид нөгөө алдагдсан үеийнхэнд тооцогдоно. Энэ кирил бичгийн дүрмийн дампуурал гаарах тусам яалт ч үгүй хуучин бичгээ сэргээх далим сэдэл болж өгөх байх гэж горьддог. Монгол бичгийг бүх нийтээр хэрэглэж эхлэхэд хамгийн том саад нь өнөөгийн бидний өөрсдийн амиа бодсон хулчгар зан, шээсний газраас цаашгүй хараанаас л болж байгаа юм. Уншиж чадахаа больчихно гэж айж байгаан.
Энэ дарга нар Өөрсдөдөө зориулж тэртээ тэргүй ганц байгаа кирилээрээ л ном сониноо хэвлэж таараашд. Тэгэнгээ хүүхдүүддээ эхлээд Монголоо, дараа нь кирилээ зааж болжийно. Хэсэг хугацааны дараа тэдэндээ зориулаад Монгол болон кирилээр зэрэгцүүлээд хэвлэж болно. Бас хэсэг хугацааны дараа зөвхөн монголоо заагаад Орос хэлэнд л зориулж кирил зааж болно. Харин үе солигдоход бидний ямар тэнэг бичиг хэрэглэдэг байсныг нэг удаа шоолж инээгээд л Монгол бичигээ сэргээчих уртхан хугацааны таакчиг хэрэглэчих хоншоортой сайд энэ БСШУЯаманд гарчихгүй л байхдаа гэж....
Хэзээ ч юм сэргээн хэрэглэнэ гэж найддаг ч юмыг яаж мэдэх вэ /хоншоортой сайд гартлаа хэтэрхий удвал аюул болно биз?/ мэддэг нэг нь үр хүүхэддээ кирилээс өмнө эсвэл зэрэг зааж байгаасай гэж л хүсдэг дээ.
Аав минь над 1 дүгээр ангид кирил бичиг заахаас өмнө өөрийнхөөрөө уншуулж сургаад үргэлжлүүлээд Монгол бичиг заасан. Харин би эхний 2 хүүхдэдээ тэгж зааж чадаагүйдээ харамсдаг. Үлдсэн 2 дээр нь л хичээнэ дээ...
Ингэхэд ядаж сурах гээд оролдож үзсэн үү? Тэгж үг бүрийг цээжилдэг зүйл огт байхгүй шүү. Харин ч кирилл бичгийн хажууд хоёр гуравхан дүрэмтэй, түүнийгээ яг баримтлаад л явдаг. Огтоос хүндрэл гээд байх зүйл байхгүй. Харин наад яриад байгаа гар гэдэг жишээ чинь кирилл дээр байдаг болохоос Монгол бичигт бол тэр бүр байдаггүй юм шүү дээ.
10жил болно уу, 100 жил болно уу хамаагүй одооноос эхлүүлээд үзээд өөрсдийнхөө бичиг үсгийг хэрэглэх л хэрэгтэй.
Тэгээд ядаж хүний бичлэгт сэтгэгдэл үлдээх гэж байгаа бол гарчигнаас нь бусдыг нь уншчихаад үлдээвэл зүгээрсэн дээ. Тэр алдаад бичээд байгаа чинь угаасаа кирилл бичгийн дүрэм нь муу болохоор тэр хүүхдүүд алдаж бичээд байгаа юм. Монгол бичиг бол илүү дүрмээрээ явдаг болохоор хэдхэн дүрмийг нь сайн сурчихсан хүн алдаж бичихгүй. Монгол бичгийн талаар мэдлэггүй байж эсэргүүцэхээ өмнө өө тавих хэрэггүй дээ.
Компьютер мэдэхгүй хүн бол өө тэр компьютер гэдэг дэмий зүйл, хэцүү зүйл шүү дээ сурах гэж 100 жил болох тул сураад хэрэггүй гэж байгаа утга ижил сонсогдож байна даа
ᠬᠦᠬᠰᠢᠴᠦᠯ ᠯᠠ ᠲᠤᠷᠠ ᠦᠬᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠬᠡᠪᠡᠯ ᠲᠡᠳᠡᠨ ᠤ ᠰᠡᠳᠬᠢᠬᠦᠢ ᠳᠦ ᠨᠢ ᠪᠠᠭᠤᠵᠤ ᠯᠠ ᠦᠭᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠤᠯᠪᠠ ᠤᠤ