xvv

- Энэ бол Аалзны тор-2-ын үргэлжлэл биш -

Баабар юу ярив?

"Аалзны тор" нийтлэл гарсны дараа нийгэмд нэлээн шуугиан үүссэнийг хамгийн ихээр өлгөж авсан хүн нь улс төрч Баабар юм. Тэрээр "өдрийн сонин"-д нүүр дүүрэн ярилцлага өгснөөс гадна энэ сэдвээр нэгэн FM-ээр ярьж, Монгол телевиз, "Ийгл ТВ"-ээр мөн ярилцлага өгчээ. Тэрээр маш их юм ярьсан боловч үнэндээ "Аалзны тор" нийтлэлээс илүү гарах юу ч хэлсэнгүй. Гагцхүү "Лугано" банкны вэб сайтыг ухаж үзсэн бололтой хаягийг нь хэлж, дотор нь байгаа банкны балансыг нь татаж хуулан үзүүлэв. Улстөрчийн хувьд тэрээр "Энэхүү Худалдаа, хөгжлийн банкны булхайг илчилнэ, сүүлд эрх мэдэлтэй болохоороо луйврын хувьчлалыг буцаана, үүний төлөө амь насаа зориулахад ч бэлэн" гэж нэмж хэлж сүржигнэв. Магадгүй, энэ нь түүний улстөрчийн нэр төрийг нэмсэн ч байж болох юм. Нийгэмд шударга хүн болж харагдах гэсэн зүтгэлийнх нь оноог ч дээшлүүлсэн байж болох юм. Харин тэрээр асуудлын мөн чанар, цаад утгыг нь огт ойлгоогүй, сониноос хэн бүхний олж авсан мэдээлэлтэй нэгэн болохоо харуулав.

Тиймээс ч жинхэнэ луйврыг улам гүнзгийрүүлж, хуйвалдааныг улам чамбай болгоход идэш болж буйгаа мэдсэнгүй. Юу гэвэл, Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал нэртэй луйвар явцгүй болоод эхэлмэгч хувьчлал яваагүй бурууг хэн нэг рүү чихэх хэрэгтэй байлаа. Мөн цаашид хууль зөрчсөөр байгааг ямар нэгэн аргаар тайлбар олж хэлэх хэрэгтэй болсон юм. Чухам энэ үед тэдэнд Баабар тус болжээ. "Юун түрүүн Монгол дахь сөрөг хүчний эрх баригчид, лидерүүд хувьчлалыг эсэргүүцэж байгаа учир энэ асуудлаа эргэж харах болно" гэсэн утгатай бичгийг "Жералд Металл" компаниар хийлгэж аваад үүнээ үзүүлэх болов. Төрийн өмчийн хорооны дарга Пүрэвдорж үүнийг бүр нээлттэйгээр зарлаж, удаа дараагийн хууль зөрчих ажиллагааныхаа зөвтгөл болгон ашиглалаа. Пүрэвдорж энэ үгээ УИХ-д мөн хэлсэн юм. Ингэснээр хууль тогтоох байгууллагад хүртэл сонсгож хууль бус үйлдлээ "хуульчилж" буй хэрэг билээ. УИХ-д сөрөг хүчний гол үзэл сурталчийн нэрийг гаргаж бурууг чихсэн нь гишүүдэд ТөХ хууль зөрчсөн эсэх тухай гэхээсээ биеэ хамгаалах, дайснаа үзэн ядах зөнг нь илүүтэй хөдөлгөсөн тул Баабарын нэр бусармаг явдалд нь сайн хамгаалалт болжээ.

үнэндээ юу болов?
үнэндээ асуудал Баабарын хэл амнаас болсон юм биш аж. Худалдаа, хөгжлийн банкийг луйвардах гэсэн бүлгийн дотор гарсан зөрчил маргаанаас хамаг асуудал үүдэлтэй аж. “Жеральд Металлз” компанид ямар ч банк, хэзээ ч хэрэг байхгүй. Аль Отгонбилэг, Дорлигжав нарын үеэс Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр онцгой эрх олгоно, хариуд нь 20-оос доошгүй сая долларын зээл олгохыг хүссэн санал тэдэнд олон очиж байжээ. Ганц тэдэнд биш, өрсөлдөгч комодити компаниудад ч ийм санал их ирж байв. Гэтэл тэд банк биш, мөнгө зээлэх, өөр хэрэгт нь хөрөнгө оруулах нь тэдний сонирхлоос огт гадуур хэрэг. Иймээс Монголын талаас гарсан иймэрхүү санал болгон эрс няцаалтад орж байв. Гагцхүү зэсийн баяжмал болон алтанд урьдчилгаа төлж болно. Нэгэнт энэ нь урьдчилгаа тул хүү гэх асуудал байхгүй, гэхдээ урьдчилгаа нэгэнт төлсөн болохоор алт, зэсээ л авч таарна. өөр юу ч хэрэггүй. “Жеральд Металлз” нь Чулуунбат, Энхбаяр нарыг сөрөг хүчин байх үеэс нь зөв бооцоо тавьж тойлсон тул Монголын алт, зэсийн баяжмалын экспортод онцгой эрх олж авах нь авлаа. Тэдний хүсэлтээр алтны барьцаа болгон 20 сая долларын урьдчилсан төлбөр хийлээ. Дотроо яаж хувааж авч, юугаа луйвардана өөрсдөө мэдэх хэрэг. Энэ мөнгөнд таарсан алтыг л хугацаандаа яаралтай эргүүлж өгөх болзолтой.

Орж ирсэн 20 сая долларын хагасыг "Монгол газар" компанийн Мянганбаяр авчээ. Мянганбаяр нь сонгуулийн үед МАХН-д асар дэмжлэг үзүүлснээс гадна хожим төрийн сайд болсон Энхтүвшингийн ганц ходий. Энхтүвшин сөрөг хүчин байхдаа эхнэр хүүхдээсээ салж шинээр амьдрал зохиох гэж ядарч зовж явахад нь Мянганбаяр найзын халуун гараа сунгасан аж. Иймээс ийм их мөнгө авах "эрхтэй". Гэвч олж ирсэн мөнгөө Энхбаяр, Чулуунбат, Энхтүвшин гурав тэрүүхэндээ хуваагаад авчихаж байгаа нь УИХ-ын дарга Энэбишийн гэдэнг хөдөлгөжээ. үүнээс болж засгийн хямрал ч үүссэн, тэд хоорондоо мундахгүй их хөлөө жийлцсэн. Эцэст нь үлдсэн арвыг нь "Монгол банк"-ны Одонгуагийн нэр зааж өгсөн тушаалаар Худалдаа, хөгжлийн банк тараасан ба үүн дотор спикерийн "Монполимет" хэмээх орд газар дамладаг компани хамаарч хоёр сая доллар олж авснаар асуудал түр зуурын эвлэрэлд хүрчээ.

"Жеральд Металлз"-ын хувьд 20 сая долларт таарах алтаа авч байж салсан. Харин дотогшоо тараасан мөнгө нэлээд нь буцаж очиж чадахаа болилоо. Юун түрүүн Мянганбаяр мөнгөө төлж чадахаа болив. "Монполимет" ч мөнгөнийхөө хагасыг өгөөгүй явна. Энэ бүхнийг Монгол банкинд хадгалагдаж байгаа улсын цэвэр нөөцөөр хаасан хэрэг. 2000 онд 158 сая ам.долларын цэвэр нөөцтэй байсан бол хоёр жил өнгөрөхөд ердөө 10 сая доллараар нэмэгдсэн нь энэхүү улсын нөөц өсөхгүй байгаа олон шалтгааны нэг нь билээ. Хэрэг илрээд "Монгол газар" мөнгөө төлж чадахаа болихын үест сайн найз нарын хооронд хагарал гарлаа. Юун түрүүн Энхбаяр өөрийн орлогч Энхтүвшинтэй энэ асуудлаас болж зөрчилд орж эхлэх нь тэр. Чулуунбат, Энхбаяр хоёрын хооронд ч гав гарч эхэллээ.

Асуудал цааш яаж өрнөв?
Мянганбаяр мөнгө төлж чадахгүй байгаа шалтгаанаа "Цагаан Шонхор" компанийн Энхтайван ба түүний бүлэгт дээрэмдүүлснээр тайлбарлах болов. Чухам үүнээс үүдэн "Центрпоинтийн хэрэг" гэгч дуулиантай шуугианыг үүсгэх хэрэг гарчээ. "Центрпоинтийн хэрэг" гэгч цаашаа дуулиан үүсгэх хэд хэдэн шалтаг шалтгаан нэгэн зэрэг үүссэн нь тун таатай хэрэг болов. Юун түрүүн УИХ-ын гишүүн Гүндалай зарим эрүүгийн хэрэгтнүүд төрийн машиныг удирдах болж цагдаа, шүүхийг гартаа хийгээд хуульчлагдсан дээрэмчид болж хувирсан тухай мэдэгдэл хийлээ. Гүндалайгийн хэлсэн үг болгоныг эсэргүүцэж амыг нь хааж байдаг Монголын төр энэ удаа асуудлыг тун гярхай анхааралтай сонсох нь тэр. үнэндээ Гүндалайгийн хэлсэн үг үнэний нэлээд хувьтай аж.

Хоёрдугаарт Хууль зүйн сайд Нямдорж, Цагдаагийн дарга Амарболд нарын удаан үргэлжилсэн зөрчлийн асуудал байлаа. Амарболд бол юун түрүүн Ардчилсан намын нэг лидер, Ерөнхий сайд асан Энхсайханы хүн. Энэ утгаараа "Цагаан Шонхор"-ын Энхтайваны гарын хүн. Ерөнхий сайд болмогцоо Элбэгдорж нь Амарболдыг халж орхисон боловч Амаржаргал Ерөнхий сайд болуутаа Энхсайханы шахалтаар түүнийг ажилд нь эргүүлж тавьжээ. Нямдоржийн хувьд тэр угаасаа генерал Пүрэв, Амарболд нарыг аль алиныг нь үзэж чаддаггүй этгээд. "Зоригийн аллага" хэмээх хэрэг цагдаагийнханд сайхан идэш болж албан тушаалд дэвших, биеэ унагах, албан тушаалаа авч үлдэх зэрэгт хэрэглэгддэг хамгийн том таатай олз нь болоод хэдэн жилийн нүүр үзсэн билээ.

Иймэрхүү хэрэгт сүрхий гаршсан Амарболд нь Нямдоржийг сайд болж байх яг тэр цаг минутанд Бат-үүлийг баривчлан шоронд хийж орхих нь тэр. өөрөөр хэлбэл Амарболдыг Нямдорж халж болохгүй, яагаад гэвэл яг "Зоригийн аллагын" хэргийг жинхэнээр нь илчилж, халуун мөрөөр нь орж байхад ингэвэл Нямдорж өөрөө хамсаатан болж таарна. Энэ улайм цайм муухай мэх Нямдоржийн эгдүүг тун ихээр хүргэжээ. Нөгөө талаар Монгол банкны Ерөнхийлөгч асан үнэнбатын мэдээлэл, шаардлагын дагуу шинэ Ерөнхийлөгч Чулуунбат дээр цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд хоёр жилийн нүүр үзэж байснаа яг энэ өдрүүдэд Амарболд хэргийг хаалгав. 1992-1996 онд Монгол банкны дэд ерөнхийлөгч байхдаа Чулуунбат нь диллерийн болон зээлийн асуудал дээр олон "ноцтой" хэрэг тарьчихсан байсныг нь үнэнбат матсан хэрэг. Ийнхүү хэргийг хаалгаснаараа Амарболд өөрийгөө Энхбаярын талын хүн гэдгээ битүүгээр ойлгуулж буй хэрэг юм.

Мянганбаяр төлбөрийн чадваргүй болсон асуудал Гүндалайгийн мэдэгдэл, Нямдоржийн занаагаар дамжин дуулиант "Центрпоинтийн хэрэг" болон томорлоо. Зодооны хэргийг зориудаар зохион байгуулсан нь үнэн байж болох талтай. Юутай ч гэсэн Мянганбаяраас мөнгө дээрэмдсэн хүмүүсийг ямар нэг шалтгаар баривчлан хорих нь юунаас ч үл хамааран хийгдэхээр төлөвлөгдсөн операци байв.

Мянганбаяр өөр юу хийв?
Мянганбаяр Чулуунбатаас авсан 10 сая долларынхаа хэсгийг Энхтайван, шөвгөр өлзий нарын бүлэгт рекэтлүүлэн алдсан байж тун магадгүй. Гэвч үүнийг нь хэлүүлэх гэсэн Цагдаагийнхан түүнийг шоронд хориод ч хүлээлгэж чадсангүй. Мянганбаяр ирээдүйд амь насаа ч алдаж болох ийм эрсдэлтэй алхмыг ухамсартайгаар хийгээгүй байж болох юм. Монголд шоронгоос ч урт гар суналзан гарч ирж өшөөтнөө дарж чаддагийг тэрээр эрх биш мэдэх биз. Гэтэл Мянганбаяр үүнээс гадна олон хэрэгт орооцолдсон байлаа. Юун түрүүн тэрээр "Жеральд Металлз"-аас авсан мөнгөнийхөө нэлээдээр урьд "Иточу" компаниас авсан өрөө дарлаа. Гэтэл түүний "Вагнер Ази" компаниас зээлээр авсан 12.5 сая доллар нь хүзүүгээр нь ороож эхлэв.

"Вагнер Ази" бол Монголд хийсэн хөрөнгө оруулалтаараа хоёрдугаарт ордог том компани. Уул уурхайн тоног төхөөрөмж, машин техник оруулж ирдэг. "Катерпиллар" болон "Форд" компанийн дистрибьютер хийдэг. Эндээс Мянганбаяр ирээдүйд олборлох алтаараа барьцаалж 12.5 сая долларын тоног төхөөрөмж, зээл авчээ. Гэтэл үүнийхээ хагасыг төлөхгүй удаад байхаар нь хоёр тал гэрээгээ шинэчлэн хийж 5.6 сая долларын өрийг "Монгол газар" ойрын үед "Вагнер Ази"-д төлнө гэж гэрээлсэн байна. Төлбөрийн графикийг ч тогтож, хоёр талаас гарын үсэг зуржээ. Харин Мянганбаяр гарын үсэг зураад л энэ асуудлыг ор тас мартаж. Иймээс "Вагнер Ази" шүүхэд хандсан байна.

Шүүх дээр харин Мянганбаяр ажиллалгүй яахав. Дүүргийн шүүх өрийг нь дундуур нь хуваагаад "Монгол газар"-ыг 2.7 сая долларын өртэй гэж тогтжээ. Яагаад дундуур нь хуваагаад ийм хачин шийдвэр гарч байгаа нь тайлбар байхгүй. Дараа нь мэдээж "Вагнер Ази" давж заалдана. Нийслэлийн шүүх хэргийг буцаав. Эргэж дүүргийн шүүх дээр ирсэн хэрэг нь "Монгол газар" "Вагнер Ази"-д 5.2 сая долларын өртэй гэж шийдвэрлэлээ. Ингэхээр нь Мянганбаяр өмнөөс нь мөн л давж заалдлаа. Нийслэлийн шүүх асуудлыг "авч хэлэлцээд" Мянганбаяр 1.6 сая долларын өртэй гэж шийдэх нь тэр. Ийнхүү Мянганбаяр 4 сая долларын ашигтай гарч ирэх нь тэр. Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагч компанийг монголчууд шүүх, төртэйгээ нийлж улайм цайм дээрэмдэх нь энээ. Энэ асуудал Дээд шүүхээр орсон боловч Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталжээ.

Дөрвөн сая ам.долларын хожоо хийхийн тулд Мянганбаяр шүүхэд нэлээн хэмжээний мөнгө зарцуулжээ. Шүүхийн шийдвэр гаргасан шүүгчид гэнэт учиргүй баяжицгаав. Гол шийдвэр гаргасан шүүгч нь гэхэд 100 мянган төгрөгийн цалинтай, тун ч тарчиг амьдарч байснаа гэнэт жип унан, гурван давхар байшин бариулаад унажээ. Тэд барилгын материалаа өөрийн биеэр цуглуулахаар болж, Бээжинд айлчлав. Сонирхолтой нь унаж яваа жип нь "Монполимет" компанид анх бүртгэгдсэн ба Бээжинд явахдаа "Монгол газар" компанийн зардлаар ухасхийжээ. Сонирхуулахад "Монполимет" компанийн захирал Гарамжав болон шүүгч нар олон жилийн сайн найз нөхөд юм. Гэхдээ ийм айхавтар мөнгө 4 сая долларын дээрмийг ганц шүүгч бие даан хийж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад ийм гэнэтийн бусармаг шийдвэр гарсныг асуухад "ерөнхийлөгчийн захиас бий" гэж ам алдсаныг нь чихээрээ сонссон хүн ч бий. Дээд шүүхийн дарга Ганбат ч мөн оролцоотой. үүнийхээ шанд хүүхэддээ байр авч өгсөн гэж яригддаг.

"Вагнер Ази" компанийг Монголын төр засаг, шүүх нийлж байгаад луйвардсан асуудал чимээгүй өнгөрсөнгүй. 2002 оны 6-р сард Улаанбаатарт болсон "Америк-Монголын бизнес зөвлөл"-ийн хурал энэ асуудлыг тун ноцтой авч үзлээ. Америкчууд цаашдын хөрөнгө оруулалтын асуудлаа энэхүү "Вагнер Ази" компанид гаргасан шударга бус шийдвэртээ Монголын шүүх дахин яаж хандан залруулах эсэхээс хамаарна гэдгээ хоёргүй утгаар илэрхийлцгээв. АНУ-ын Элчин сайд Ж.Дингер зөвхөн энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Энхбаяртай хоёр удаа уулзан шаардлага тавьжээ. өгсөн албан ёсны ноотод нь "Коррупци авилгад идэгдсэн Монголын шүүх" гэсэн хатуухан үг хэллэг ч орсон байв.

Дэд ерөнхийлөгч Аль Горын удирдлагаар 1998 онд Вашингтонд хуралдсан "Сайн засаглалын" олон улсын хурал дээр АНУ-ын иргэн дэлхийн аль ч оронд хээл хахуулийн хэрэгт орооцолдвол АНУ-ын хуулиар шийтгэх ба АНУ-ын иргэн, компани дэлхийн аль ч оронд хээл хахууль, авилгын золиос болох юм бол АНУ-ын төр бүхий л хүчээрээ тэр хүн, компаниа өмгөөлнө, улс төрийн арга хэрэглэнэ гэж зарласан билээ. "Вагнер Ази" ч, "Америк-Монголын бизнес зөвлөл" ч, АНУ-ын Элчин сайдын яам ч, Олон улсын валютын сан, Дэлхийн банк ч энэ хэргийг Монголын төр хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглан харж байна. 2002 оны есдүгээр сард Дэлхийн банкны ивээл дор Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийх Засгийн газрын хүсэлтийг нь Дэлхийн банк хүлээж авсангүй, "хурал зөвлөгөөн багадаагүй, шинэ Засгийн газар сүүлийн хоёр жилд юу ч хийсэнгүй, ажлаа хийцгээ" гэж албан ёсоор хэлжээ. Эцэст нь Монголын Засгийн газар удтал гуйж гувшсаны дараа "Монголд хөрөнгө оруулахад юу саад болж байна вэ?" гэсэн доромж нэртэй чуулга уулзалт хийхээр болсон байна. Монголд хөрөнгө оруулж, шуугиантай Худалдаа, хөгжлийн банкны хувьчлалд оролцож буй АНУ-ын “Жеральд Металлз” компани улам бүр авилгалд идэгдэн энэ нь улайм цайм болж байгаа Монголын төрийн өнөөгийн байдалтай холбогдуулан Элчин сайдын яамнаасаа айхавтар анхааруулга санамж авсны эцэст Худалдаа, хөгжлийн банкны хувьчлалд оролцох идэвхи нь гэнэт суларчээ. Харин Монгол банк, ТөХ-ны хүсэлтээр "сөрөг хүчний нэгэн лидерээс болов" гэсэн бичиг шийтгэж өгсөн байна.

Хувьчлал яаж явагдав?
2002 оны тавдугаар сард Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал явагдлаа. 5-7 газарт тендерт санал өгсөн гэх боловч шаардлага хангаагүй шалтгаанаар хоёрыг нь авч үлдэв. Эцэст нь нэгнийх нь тендерийн бичгийг нь задалж ч үзэлгүйгээр "Жеральд Металлз-Лугано консорциум" хэмээх баг 12 сая гаруй ам.доллараар Худалдаа, хөгжлийн банкийг авах болжээ. Тендерт оролцсон аль ч компани тендерийн анхдагч нөхцлийг хангасангүй. 50 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй, 10 жилээс доошгүй ажилласан банкны туршлагатай нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэсэн байх нь хувьчлалд оролцох банкны үндсэн нөхцөл гэж заасан ба энэ тендерийн нөхцлөө интернэтээр цацаж Английн "Экономист" сэтгүүлд хэвлүүлсэн юм.

“Жеральд Металлз” компанид Монголын хамгийн том банкийг өгөх гэж улайраад байдгийн цаад шалтгаан ихээхэн өөр. Комодити компанид зуучлах ажлаа л хийнэ үү гэхээс өөр хөрөнгө оруулалт, тэр дундаа огт оролцож байгаагүй шинэ бизнест, тэгээд ч ийм найдваргүй оронд, найдваргүй зах зээл дээр үзэлцэж байх хэрэггүй. Гэтэл Монголын алт, зэсийн бажмалын зах зээл дээрх монопол эрхийг амлаж байгаа төрийн эрх мэдэлтнүүд нь энэ гол банкаа сонирхож, өөрсдөө авахад нь туслаач гэсний дагуу хариу тус хүргэх зайлшгүй шаардлагатай болжээ. "Жеральд Металлз"-д үйлчилдэг банк нь Голландын "Ай Эн Жи Баринг" банк. Харин энэ банк бол хөрөнгө оруулалт, том зээлийн банк болохоос жижиг арилжаа хийдэггүй. Худалдаа, хөгжлийн банк өөрсөдтэй нь харьцуулахад ердийн нэг жижиг ядуу орон дахь жижиглэнгээр ажилладаг үнэхээр жижиг банк. Тухайн орондоо болохоор нийт мөнгөнийх нь 60 хувийг ганцаараа атгадаг. Иймээс "Ай Эн Жи Баринг"-ийн сонирхлыг татсангүй.

Ингээд Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат өөрийн биеэр Европ, тэр дундаа Швейцарьт нэлээд удтал айлчлан тоглолт хийж хайж байж Италийн хил дээр чөлөөт бүсэд ажилладаг "Лугано" хэмээх банкийг олжээ. Хувьчлалд оролцож буй дүр үзүүлсний төлөө зохих шан олдохоор ярьсан нь мэдээж. Харин "Лугано" жижиг жижигдээ нөгөө Худалдаа, хөгжлийн банкны тендерийн нөхцлийг ч хангаж чадахгүй жижиг аж.

өөрийн хөрөнгө нь ердөө гуч хүрэхгүй сая доллар. үнэхээр аудитын үнэлгээ огт хийгдээгүй удсан аж. 2000 оноос хойшхи тайлан баланс нь интернетийн вэбсайт дээр нь сох байхгүй. Ийнхүү нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэрээр "Лугано" банк, “Жеральд Металлз” комодити компани хоёр нийлж консорциум байгуулан тендерт оролцсон болж Худалдаа, хөгжлийн банкийг авахаар боллоо.

Тендерт оролцохдоо Монголын олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор жинхэнэ сонирхож буй этгээдүүдийн зааж өгснөөр хоёр нөхцөл хэмээх хуурамч мэдээллийг цацав. Нэг нь уул консорциум ойрын хугацаанд Худалдаа, хөгжлийн банкинд 28 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нэгэн амалгаа. үнэндээ Монголын хэсэг бүлэг хүмүүст банкийг нь авч өгөхийн тулд нэрээ ашиглуулчихаад дээр нь илүүдээ гарсан юм шиг 28 сая доллар хаяж байх хэрэг юу билээ. Нөгөө нь Худалдаа, хөгжлийн банкны менежментийг "Ай Эн Жи Баринг" хийж өгөх тухай дэмий хоосон үг байна. Банкны менежментийг олон сар жилээр хийдэг. Чухам ингэж байж үр дүн гарна. Тэр байтугай банкны олон үйл ажиллагааны нэг дээр нь зөвлөгөө өгөхөд ч олон сар жилийн хугацаа бардаг эд. Гэтэл Худалдаа, хөгжлийн банкинд хоёр сарын хугацаагаар менежмент хийнэ гэсэн нэрээр "Ай Эн Жи Баринг" банкны мэргэжилтэн иржээ. Энэ бол олныг төөрөгдүүлэх гэсэн явуургүй мэх болох нь мэргэжлийн ямар ч хүнд дэндүү ойлгомжтой.

Хувьчлал хийсэн бол 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлдэг, эс тэгвээс тендерийг хүчингүй болгоод дахин зарладаг хууль бий. Харин уул консорциумд 100 хоногийн мөнгө төлөх хугацаа тавьж өглөө. Гэтэл консорциум энэхүү хуулиас 7 давсан хугацаанд ч мөнгөө төлсөнгүй. Хугацаа дуусахын өмнөхөн ирээд нийт мөнгөний 60 хувийг одоогоор төлж байя гэсэн санал тавьжээ. Харин ТөХ саналыг хүлээж авалгүй хугацааг дахин 75 хоногоор сунгалаа. Яагаад 60 хувийн мөнгө төлөхөөс татгалзав. 60 хувийг нь авчихаад үлдсэн 40 хувьд нь 75 хоногийн хугацаа тавьж өгч болох л байсан шүү дээ.

үнэндээ энэ бол нэг талаас блиф, нөгөө талаас зөрчилдөөний илрэл юм. “Жеральд Металлз” хувьчлалд өөрт ногдсон хэмжээгээ төлж болохоо ойлгуулжээ. Харин үлдсэнийг нь жинхэнээсээ луйвардах гээд байгаа этгээдүүд бол өөрснөө ол гэсэн үг. 60 хувийн мөнгөнд ирээдүйд алт, зэс л авна, түүнээс ямар ч банк тэдэнд хэрэггүй. Нөгөө талаас Монголын талын коррупци авилгал хэтэрхий олны нүдэн дээр гарч улмаар олон улсын асуудал болж босч ирсэн. үүнд нь Худалдаа, хөгжлийн банкийг авах гэж улайраад байгаа хүмүүс өөрсдөө холбогдож эхэлсэн. Мөн тэднээр дамжсан зээлдэгчид АНУ-ын хөрөнгө оруулагчдад хор учруулж эхэлсэн. Энэ талаар Элчин сайдын яам тов тодорхой сануулга өгсөн. Нэг үгээр бол “Жеральд Металлз” анхны тохиролцооноос буцахад бэлэн болжээ.

Пүрэвдорж юу ярив?
ТөХ-ны дарга Пүрэвдорж асуудлыг улстөржүүлэхээр шийдлээ. Удаа дараагийн хууль зөрчсөн асуудлаа Баабартай холбож, түүний хэл амнаас болж ийм хэрэг үүдэж байгаа талаар сонин хэвлэл болон УИХ-д мэдээлэв. Түүнээс гадна түүний ярилцлагаас үзэхэд тэрээр хуйвалдаанд оролцогч биш ердийн даалгавар гүйцэтгэгч бололтой. "Лугано" банк болон "Жеральд Металлз"'ийн талаар түүний өгч байгаа ярилцлага, тоо баримт зэрэг нь үнэнээс ихээхэн зөрсөн, төөрөлдсөн хүний үг байлаа. Энэ талаар Пүрэвдорж ч, Баабар ч аль аль нь өнгөц мэдээлэлтэй, нэг нь авсан даалгаврынхаа дагуу хамгаалж л байвал боллоо гэсэн, нөгөө нь улс төрийн байр сууринаасаа шүүмжилж л байвал барав гэсэн хандлагатай аж. Эдний алинд нь ч Худалдаа, хөгжлийн банкийг авах гээд байгаа жинхэнэ эздийн талаархи мэдээлэл тун хомс ажээ.

Пүрэвдорж мэдэгдэхдээ Худалдаа, хөгжлийн банкны 30 хувийг тэнд ажиллаж байсан хэсэг нөхөд хууль бусаар булаан авсан гэлээ. Гэтэл 30 хувийг ажиллагсдад нь хувьчлах шийдвэр Жасрайн засгийн газрын кабинетад гарч Энхсайханы Засгийн газар хэрэгжүүлсэн юм. Энэ хувьчлалыг хүчингүй болгох аижллагааг Энхбаяр Ерөнхий сайд болуутаа хэрэгжүүлж эхэлсэн.

30 хувь гэдэг бол шийдвэр гаргахгүй ч гэсэн хяналтаа байлгаад байхуйц хангалттай хувь. Энэ 30 хувь нь 200 шахам хүнд тарчихсан аж. Иймээс уул банкны захирал, хувьцаа эзэмшигч Мэдрээг зайлуулж Энхбаяр, Чулуунбат нарын хамгийн итгэлтэй түнш Мөнхбатыг захирал болгов. Мөнхбат нь олон улсын харилцааны мэргэжилтэй, ГЯЯ-нд ажиллаж байгаад Чулуунбатын урилга татлагаар 1992-1996 онд Монгол банкинд Чулуунбатын дор ажиллажээ. Чухам энэ үед энэ хоёр хүн хамтран ажиллаж диллер болон зээл дээр гар нийлэн олон сэжигтэй үйлдэл хийсэн нь 1998 оноос Цагдаа дээр эрүү үүсчихсэн явсан билээ. Ганц жишээ хэлэхэд Германы Берлинер, Кредит банкуудаас 5 сая гаруй долларыг ХОТШ банкаар дамжуулан зээлж авсан ба энэ мөнгө тухайн үеийн "Бизнес банк" зэргээр үзэх мөргүй алга болсон юм. Харин Чулуунбат, Мөнхбат нар энэ гэмт хэргээ 2002 онд цайруулж чадлаа. Энхбаярыг Германд айлчилж байхад нь уул өрийг 50 хувиар хямдруулж Монгол банкин дахь улсын цэвэр нөөцөөр төлүүлэх болов. Монголбанк болон Засгийн газраас баталгаа байхгүй энэхүү хувийн банкуудын хоорондоо хийсэн зээлийг Монгол Улс, Монголын төр хариуцах ёсгүй, харин зээлийг санаачилж, бүтээж алга болгосон Чулуунбат, Мөнхбат зэрэг хувь хүмүүс хариуцлага хүлээх ёстой билээ.

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилж, Энхбаяр өөрийн эхнэр Цолмонг оролцуулсан төдийгүй, банк санхүүгийн талаар мэддэгийн хувьд гомдол гарган барьцалдах магадлалтай Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Базархүүгийн төрсөн хүүг нь мөн ТУЗ-д авч амыг нь үдэв.

Дараа нь Худалдаа, хөгжлийн банкны 30 хувь эзэмшигч 200 шахам хүний дунд хагарал гаргах үр дүнтэй ажиллагаа зохиож нэлээд шуугиан үүсгэж амжив. Асуудал нэлээд даамжирсаар 30 хувийг 24 хувь хүртэл буулгаж дөнгөлөө. 76 хувь бол бие даасан шийдвэр гаргахад хангалттай хувь. Гэвч 24 хувийг эзэмшигчид хяналт, шалгалт, гомдол гэдэг утгаараа үргэлж байж байх тул ямар ч хуйвалдаан, шамшигдуулал илэрч болох өндөр эрсдэл дотроо агуулж байгаа. Иймээс “Жеральд Металлз” ч, банкийг хожим нэр дээр болгох гэж зэхэгсэд ч энэхүү 24 хувийг тэг болтол нь алга хийх эрмэлзэлтэй, үүнийг “Жеральд Металлз” анхааруулжээ.

Банкны салбарт өөр ямар луйвар гарч байна?
1991 онд Банкны хоёр шатлалын хууль мөрдөж эхэлснээр асар олон арилжааны банк буй болох нөхцөл бүрдлээ. Гэвч гиперинфляцитай байсан тэр үед ихэнх банк зальхай луйвар, идэж шамшигдуулахын үүр овоохой болжээ. Түүнээс гадна Засгийн газар ажрилжааны банкуудтай наймаа хийдэг, элдэв төрлийн зээлүүдийг шахаж хийлгүүлдэг байсан нь хувь хүний шамшигдууллын хариуцлагыг төрд наах таатай бололцоо нээсэн юм. Аль ч арилжааны банк Засгийн газрын оролцоотой байсан тул Монгол банк, Засгийн газраас аль ч банкнаас хаанаас ч хааш нь зээл гаргуулдаг байлаа. Банкууд үүнийг нь далимдуулан асар их луйвар хийнэ. Банк дампуурахад Засгийн газраас түүнийг нь бусад банкуудад нийлүүлэх замаар аргалж байв. Ингэснээр ганц ч эрүүл банк үлдсэнгүй. үүнийг нь тухайлбал, "Бизнес" банк ашиглаж Монгол банкны зуучлалаар ХОТШ-оор дамжуулж нэг сая доллар аваад хэдүүлээ хувааж авчихаад дараа нь банкаа дампууруулж байх жишээтэй. Ингэснээр банкуудын муу зээлийн хэмжээ олон арван тэрбум төгрөг гараад явчихжээ.

1996 онд Монгол банкны шинэ хууль батлагдаж, дараа нь Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын зээлээр банк эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. үүнд зөвхөн "Ард" банкны найдваргүй зээлийн хэмжээ 40 тэрбум төгрөг давжээ. "Сэргээн босголт", "ХОТШ", "Даатгал" банкуудыг араас нь дампууруулж "ХААН" банкинд нэмж зээл олгосноор 1999 онд гэхэд Монголд нүүрлэсэн байсан банкны их хямралыг даван туулж, санхүүгийн системийг эрүүлжүүлж чаджээ.

2000 онд банкны эрүүлжсэн тогтоц хүлээж авсан Н.Энхбаяр, О.Чулуунбат, Ч.Улаан нар 1992-1996 онд Төв банк, Засгийн газарт байхдаа хийж байсан бусармаг үйлдлүүдээ үргэлжлүүлж эхэллээ. 1998 онд "Сэргээн босголт" банкнаас луйвардах замаар шинээр байгуулагдсан "Кредит" банкийг үндэслэн байгуулагчид нь УИХ-ын дарга Л.Энэбиш, УИХ-ын гишүүн Р.Содхүү, А.Базархүү тэргүүтэй этгээдүүд юм. “Жеральд Металлз” компаниас алтны урьдчилгаанд авсан 20 сая доллар дээр буй болсон банк нь 2000 онд байгуулагдсан "Зоос" банк. үүнээс гадна "Мянганы зам", мах үйлдвэрлэл, уринш зэрэг хөтөлбөрүүдэд асар их зээлийг улсын мэдлийн ба улсын оролцоотой банкуудыг шахах замаар гаргуулж эхлэв. Тухайлбал, "Мянганы зам" хөтөлбөрт зориулж бонд, үүнийгээ шахаж байж Худалдаа, хөгжлийн банк, Анод банкаар Засгийн газрын баталгаатайгаар таван сая долларынхныг авахуулж дөнгөжээ. Энэ нь Олон улсын валютын сангийн Монголтой хийсэн гэрээг илт зөрчиж байгаа тул ОУВС гэрээ хэлэлцээрээ цуцлахад хүргэв.

Хөдөө аж ахуйн банк буюу ХААН банк нь олон улсын байгууллагын дэмээр эргэж сэргэсэн ба менежментийг нь асар өндөр цалинтайгаар америк хүн хийж байгаа юм. Гэтэл уринш тариаланд их хэмжээний мөнгө зээлэхийг энэ банкнаас Засгийн газар шаардав. Мэдээж ХААН банк илэрхий эргэж төлөгдөхгүй луйврын зээл гэгчид үл итгэн татгалзсан байна. Тэгэхээр нь ХАА-н сайд Засгийн газрын ХААН банкинд байршуулсан байсан 3 тэрбум төгрөгийг татаж аваад мөнөөх зээл гэгчийгээ хийж байж л санаа нь амарчээ. Ийнхүү 2002 онд уриншид өгсөн 8 тэрбумын зээл яавч эргэж төлөгдөхгүй болсон, хариуцлагыг нь мөнөөх улсын цэвэр нөөц л хаахаас өөр аргагүй болж байгаа юм. Мах үйлдвэрлэлд өгсөн олон тэрбумын зээл ч эргэж төлөгдөж бололцоогүй боллоо, гол зээлдэгч нь Германд элчин сайдаар томилогдов.

"Аалзны тор" юу өгүүлнэ вэ?
"Аалзны тор" нийтлэл "үг", "өдрийн сонин"-д хэвлэгдсэнээр нийгэмд нэлээд цочрол өглөө. өнөөгийн төр, засгийн эрхэнд байгаа хүмүүсийг юун түрүүн хамгийн ихээр цочоож сандаргажээ. үүнээс үүдсэн шуугианыг урдаас нь тиймэрхүү долгионоор цохиж саармагжуулах нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Иймээс Чулуунбат, Энхбаяр нарын шууд ба шууд бус захиалгаар "Аалзны тор-2" гэсэн нийтлэл зэрэг зэрэг олон сонинд очиж "үг" сонин хамгийн түрүүн нийтэлсэн байна. Сонин хэвлэгдсэн өглөө Энхбаяр "үг" сониныг авчруулж "уншиж танилцаад", "Бичсэн болгон нь үнэн байна. Энд ганц ч худлаа юм алга" гэж бахархалтайгаар дуу алдаж байв. Энэ бол "Аалзны тор" нийтлэлийг Нямдорж нар захиалуулж хийлгэсэн гэсэн таамгаас үүдсэн бухимдлын тайлал байсан ингэж хариугаа барьжээ. үнэхээр ч "Аалзны тор"-ыг "Аалзны тор-2" сарниаж чадсан юм.

"Аалзны тор" нийтлэлийг ашиглаж нэрээ сайжруулах гэж оролдогчид ч мөн гарч ирлээ. "Би энэ өгүүллэгийг бичээгүй боловч үүрээд шүүхэд очиход бэлэн байна" хэмээн юун түрүүн Баабар хийрхэв. Энэ нь "Уг нь би бичсэн юм" гэсэн санаа гаргах гээд байгаа ч юм шиг. Ардчилсан намын нэвтрүүлгээр сэтгүүлч Уянга мөн өгүүллийг шүүрч аван хэн нэгнийг яллахад ашиглах гэж улайрч гарлаа. "Аалзны тор" нийтлэлийг Монгол банк, Засгийн газар дотроос өөрсдийнх нь хүмүүс бичсэн хэмээн харсан юм шиг төлөглөж мэргэлдэг улс ч олширлоо. Хэн бичсэн нь Энхбаярт мөн сонирхолтой байсан тул өөрийн эхнэрийх нь даргалдаг сонинуудын холбооны Хадбаатар гэгч уул нийтлэлийг оны тэргүүнээр шалгаруулан 500 мянган төгрөгийн шагнал амлав. Мэдээж мөнгө нь цаанаасаа нийлүүлэгдсэн байгаа.

үүнийг бичигч энэ бүх болж буй луйврын шинжтэй дээрэм тонуулыг харж бухимдахдаа эх оронч санаачлагаараа туурвисан юм. Аль нэг улс төрийн нам, бие хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэх, ашиглагдах сонирхол алга. Ийм аргаар энэ нийтлэлээ "Аалзын тор-3" гэж нэрлэлээ. Энэ бол "Аалзны тор"-ын үргэлжлэл, харин Энхбаяр, Чулуунбат нарын захиалгаар Уламбаяр, Батболд нарын гүйцэтгэлээр доктор С.Ганбат гэгчийн бичиглэсэн "Аалзны тор-2" гэгчтэй ямар ч хамаагүй.

Манай орныг үнэхээр аалзны тор бүрхээд байна. үүнд "Центрпоинт"-ийн эрүүгийнхэн, Амарболдын цагдаагийнхан, Ерөнхийлөгчийн шүүхийнхэн, Энхбаярын Засгийн газрынхан, Чулуунбатын Төв банкныхан, Наранхүүгийн Эрдэнэтийнхэн, Р.Содхүү, А.Базархүүг багтаасан УИХ-ынхан, Тэрбишдагвын махны ченжийнхэн, МАХН-д сонгуулиар мөнгө өгчихөөд одоо түүнээ хэд дахин өсгөж авч байгаа олон компаниуд, Мянганбаяр тэргүүтйэй алт олборлогчид гээд үй олон хүн, байгууллага, төрийн байгууллагууд, хувийн пүүс, компаниуд орооцолджээ. Аалзны тор биш гэж үү.

Дэд доктор Б.Ганбат.
2002 оны 09 сарын 27

URL:

  • 3246
  • 2
  • 2

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гуниглах
Зочин хэзээ бичсэн: 2010-02-18 20:13 | |
Шинэ оны мэнд, сайхан баярлаарай winking
Xocoo (зочин) хэзээ бичсэн: 2008-12-31 18:26 | |



:-)