МАДАМ ХУАРТЫН БYРТГYYСЭН КОМПАНИ
2002 оны 12-р сарын 5-ны өдөр Люксенбургийн оффшор бүсд “Глобал Инвестмент энд Диволепмент” нэртэй компани цоо шинээр бүртгүүллээ.
Компанийн эзэн гэгдэх мадам Хуарт өөрийгөө уул компанийг үүсгэн байгуулагч хэмээн бүртгүүлэв. Натариотыг ноён Элминвер гүйцэтгэжээ. Уул компани нь үнэндээ хоршоо юм, учир нь “Жи Эм Ю Кэй” компани эл хоршооны 67 хувийг, “Би Си Эл” компани 13 хувийг, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг эзэмших болсон гэнэ. Хоршоо уулаасаа жижиг аж. Нийт хөрөнгө нь ердөө л 62 мянган доллар. “Жи Ай Ди Маркет” компани хэдийгээр хувьцааны дөнгөж 20 хүрэхгүй хувийг барьдаг боловч ширхэг бүр нь 1,25 ам. долларын үнэтэй 9600 ширхэг “А” зэрэглэлийн хувьцаатай аж. Заримдаа “алтан хувьцаа” гэж нэрлэгддэг энэхүү “А” зэрэглэл нь бусдаасаа хавьгүй эрх мэдэлтэй гэсэн үг ба дуртай цагтаа нөгөөдүүлээ худалдаж авч болох юм. өөрөөр хэлбэл “Глобал Инвестмент энд Диволепмент” хоршооны “Жи Эм Ю Кэй” компани эзэмшиж буй 67 хувь, Би Си Эл компани эзэмшиж буй 13 хувьд харгалзан 42 мянга, 8 мянган ам. долларыг эзэдэд нь эргүүлж төлөөд хоршоог дангаараа эзэмших эрх “Жи Ай Ди Маркет” компанид бий.
Энд үнэндээ өчүүхэн ч сонирхолтой юм байхгүй байх байлаа. Люксенбургийн оффшор бүсд өдөртөө хэдэн зуун компани, консорциум бүртгүүлдэг. Ихэнхи нь 100 мянган ам. доллар дотор багтах бага хөрөнгөтэй жижиг компаниуд байдаг. Хоршоо байгуулж байгаа компаниуд дотор “А” зэрэглэлийн хувьцаа эзэмшдэг нь ч олон, энэ бүхэн бүгд хуулийн хүрээн дотрох асуудал юм. Нэг л жижиг асуудал монголчуудын хувьд тун сонирхолтой байлаа. “Жи Эм Ю Кэй” компани бол Жеральд Металлз Юнайтед Кингдом, “Би Си Эл” компани бол Банко Комерциал Лугано гэж тайлагдах ба “А” зэрэглэлийн хувьцаа эзэмшигч гуравдахь компанийн хувийг Монгол улсын өмчийг хувьчлах төрийн байгууллага болох Төрийн өмчийн хороон дарга Пүрэвдорж, мөн Монголын хамгийн том банк болох Худалдаа хөгжлийн банкны захирал Мөнхбат нар эзэмших ба бусад эзэмшигч нар дотор Монгол улсын ерөнхий сайд Энхбаяр, Монголын төв банкны ерөнхийлөгч Чулуунбат нар орох аж. Уул хоршоо байгуулагдаж бүртгүүлснээсээ хойш ердөө долоо хоногийн дараа Монголын хамгийн том, Засгийн газрын банк болох ХХБ-ыг 12 сая доллароор худалдан авах нь тэр. Yүнд л хамаг сонин юм байна.
ХУВЬЧЛАЛ
Социализмын үед Монголын бүх өмч төрийн мэдэлд байлаа. 1991 оны 5-р сард Улсын бага хурал өмчийг хувьчлах шийдвэр гаргасан нь “ХХ зууны хроник” хэмээх алдарт номд 1921 оны ардын хувьсгалтай хамтаар Монголд болсон тэмдэглэлт хоёрхон үйл явдлын нэг нь болж оржээ. Гэвч тухайн үед байсан Засгийн газар жилийн дараа сонгуулиар солигдов. 1992-96 онд тогтож байсан Засгийн газар хувьчлалыг бараг мартсанаар барахгүй, ер нь хувьчлах нь буруу ч байж магадгүй гэсэн бодолтой байлаа. Энэ үед хувьчлагдсан ганц зүйл нь мал аж ахуй аж. Гэхдээ малыг хувьчлахгүй гэж Засгийн газар, тухайн үеийн эрх баригч нам болон парламент нэлээд чаргуулдаж байгаад сүүлд нь ялангуяа Ардчилсан хүчний шахалтаар “нэгдлүүд өөрснөө мэдэг” хэмээн зөнд нь орхисон тул Монголын хэдэн мянган жилд бараг цорын ганц баялаг нь байсан мал тэр чигээрээ эгшин зуур хувьчлагдлаа. Тэр үед өмч хувьчлалыг хариуцаж байсан шадар сайд Энэбиш ихээхэн даралтанд байсан ба ганц хоёр объект хувьчлах санал гаргангуут өөрийн намын хуучинсагууд нь тэр дор нь цохилт өгч дарамтлан болиулж байсны ганц жишээ бол Улсын их дэлгүүрийн хувьчлалын сургаар суулт бослого зохион байгуулж байсан явдал билээ. Ийм агаар байхад газар хувьчлалын тухай санахын ч хэрэггүй байв. Нэг удаа газар хувьчлалын асуудлыг парламентаар оруулсан нь коммунистуудын дотор томоохон хагарал үүсгэж, “газрынхан” гэж цоллогдсон фракц буй болж байв.
1996 оны сонгуулиар Ардчилсан хүчин ялалт байгуулж Энхсайханы Засгийн газар байгуулагдсанаар хувьчлалд үндсэн эргэлт гарлаа. Олон мянган объектыг дуудлагаар зарж, орон сууцыг бүхлээр нь иргэдэд үнэгүй хувьчилсны эцэст жилийн дараа гэхэд нийт өмчийн 80 хувь нь төрийн мэдэлд байснаа жилийн дотор 50 хувьд хүрчээ. Гэвч энэхүү хэт далайцтай хэт шудрага хувьчлал нь өөрийн дайсныг буй болгов. Ганц жишээ хэлэхэд Ардчилсан хүчний анхны удирдагч нарын нэг гэгдэх Бошготын түрээсэлж байсан дэлгүүрийг дуудлагар зарсан нь хорсол үүсгэж дөрвөн жил үргэлжилсэн “өлсгөлөн” гэгч нийгмийн замбараагүйтлийг үүсгэлээ. Чухам энэ таатай үеийг отож байсан коммунистууд асуудлыг улам дэврүүлсэн ба үүнээс үүдсэн Ардчилсан хүчнийхний дотроо нэгэнт үүсэж байсан хагарлыг эвтэйхэн хөөрөгдсөөр Энхсайханы Засгийн газрыг унагаж дөнгөв. Энд шинээр коммунистуудын толгойлогч болсон Намбарын Энхбаяр голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
ХУВЬЧЛАЛ ДАХИН ЗОГСОВ
Ардчилсан эвслийн дөрөв дэхь Засгийн газар болох Амаржаргалын үед хувьчлалын асуудал тун эгзэгтэй байдалд орлоо. ОУВС-аас 1999 оны 12-р сар гэхэд үнэ цэнэт аж ахуйнуудыг яаралтай хувьчлахыг тулгаж, үүнийгээ цаашид хамтран ажиллах шалгуур болгон тавьжээ. Амаржаргал жил орчим ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхдээ энэхүү их хувьчлал маш чухал, Монгол улсын цаашдын хөгжлийн түлхүүр асуудал тул үүнийг дэмжээч хэмээн гуйж зааж царайчлах гол ажилтай байлаа. Тэгэх тусам нь парламентийн цөөнх болох коммунистууд зориудаар үүнийг зогсоож, өөрсдийн ирцээр бойкот хийх чадварыг чадварлаг ашиглаж байлаа. Yнэ цэнэт аж ахуй гэдэгт банкууд, “МИАТ”, “Говь”, “НИК”, “Монгол Даатгал” “Эрдэнэт” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд багтаж байгаа юм.
Ардчилсан хүчнийхний дотрох маргаан зөрчил, тэр байтугай дайсагналцаан, Зоригийн алагдсан хэрэг, казиногийн явдал зэрэг нь асуудлыг улам дэвэргэн эдийн засгийн утгыг нь алдагдуулж цэвэр улс төрийн зорилготой шоу болгох аятайхан далим болж байв. Ийм уур амьсгалд Ардчилсан хүчин урьд төлөвлөж байсан газрын болоод нийгмийн салбарын хувьчлалын талаар санахын ч аргагүй болжээ. Ямар нэг хувьчлалын тухай яриа сэдэл болгоныг идэж шамшигдуулах гэж байгаа болгон мушгих, эсвэл Yндэсний аюулгүй байдал гэсэн үл ойлгогдох лоозонгоор нам цохин унагаж байлаа. “НИК”, “Говь” зэрэг компанийг хувьчилбал ямархуу аюул учрах талаар гол коммунист эдийн засагч Улаан байнга зурагтаар ярьдаг байв.
Yнэндээ асуудлын учиг өөр зүйлд байв. Ардчилсан хүчнийхэн идэж шамшигдуулж байгаа талаархи өөрсдийн зохиосон гүтгэлэгтээ эргээд өөрсдөө үнэмшиж эхэлсэн байна. Ингээд үнэ цэнэт аж ахуйнуудыг тэртээ тэргүй МАХН ялах нь тодорхой болсон сонгуулийн дараа хийхээр тохиролцжээ. ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээр тасарсан ч дараа нөхөж үргэлжлүүлж болно гэж тооцсон байна. Нэгэнт Ардчилсан хүчин мөнгөжиж байна гэсэн хардлага лавширсан тул МАХН-д юу ч үлдэхгүй нь гэсэн айдас бий болжээ. Иймээс их хувьчлал хэмээн заримдаа нэршиж эхлэх болсон үнэ цэнэт аж ахуйн нэгжүүдийг сонгуулийн дараа намдаа ашигтайгаар хувьчлах хэрэгтэй гэсэн тооцоон дээр ерөөс хувьчлалыг тас зогсоохоор коммунистууд нэгэнт шийджээ.
ЭНЭБИШ ГЭЖ НЭГ БөөН ГАЙ
Сонгууль болдгоороо болж МАХН үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингээд мөнөөх Их хувьчлалаа хийх гэтэл намын дотор зөрчил буй болон тэр нь эгшин зуур лавшрах хандлагатай болов. Гүйцэтгэх засаглалыг толгойлох асар их хүсэлтэй гурван том өрсөлдөгч гарч ирсэн нь нэгэнт ерөнхий сайд болсон Энхбаяраас гадна “Эрдэнэт” үйлдвэрийг олон жил удирдсан Отгонбилэг, урьд нь шадар сайд байсан Энэбиш нар байлаа.
Отгонбилэгийн хувьд ерөнхийлөгч Багабандийн хүчтэй дэмжлэг байсан төдийгүй үүгээр үүдэн өөрийн фракцийг буй болгож байлаа. Энэ тэмцэл ялангуяа Yндсэн хуульд оруулах өөрчлөлтийг батлах явцад нэлээд эрчимжсэн юм. Гэвч тун удалгүй Энхбаярын аз таарч Отгонбилэг ослоор нас барлаа. Энэбиш нь Энхбаярын хувьд илүү хүчтэй, аюултай өрсөлдөгч байв. Энэбиш хэнтэй ч зөв харилцаж чаддаг, хэнийг ч ч гомдоодоггүй, за гэвэл ёогүй хээ шаагүй хүн аж. Иймдээ ч олон найз нөхөдтэй байв. Түүнийг хүрээлсэн Жамъянсүрэн, “Женко”-гийн Баттулга, захын Сайхансамбуу, “Алтжин”, “Монполимет”-ийн Гарамжав гээд хөрөнгө мөнгөтэй олон хүн байсан нь санхүүгийн хувьд бие даасан, бусад бүлэглэлээс хараат бус байх нөхцлийг нь хангаж байв. Тэрээр ерөнхий сайд болох хүсэлтэйгээ нэг бус удаа хэвлэлээр мэдэгдэж байлаа. Энхбаяр, Чулуунбат нар Эрдэнэтийн зэсийн баяжмал болон ирээдүйд олборлох алтаар барьцаалан 10 гаруй сая доллар олж ирэн өөрийн бүлэглэлийг нь дэмждэг компаниудад тараасан нь Энэбиштэй шөргөөцөлдөх анхны буурьтай зөрчил байв. Чулуунбат дахин мөнгө зээлж “Монполимет”-эд хэдэн сая долларын зээл олж өгсөнөөр зөрчил түр намжижээ.
МАХН дараа дараагийн сонгуульд үргэлж ялалт байгуулж байхын тулд хүчтэй санхүүгийн нөөцтэй болох ёстой гэдэг дээр удирдлагууд санал нийллээ. Нам санхүүжүүлнэ гэдэг нь хэн ч хувьдаа юм завшаагүй, зөвхөн намаа л бодож байгаа гэсэн аятайхан нэр хаягийг агуулж байгаа учир энэ үйл хэрэгт зүтгэх нь бараг л буяны ажлын шахуу юм гэж тохиролцжээ. Гэхдээ үүнийг хувьчлалаар гүйцэтгэх ёстой. Хувьчилж авсан хүн намыг санхүүгээр дэмжих учиртай. Харин яг хэн хувьчилж хэдийг намдаа бэлэглэх вэ гэсэн торгон асуудал буюу бялуу хуваалтан дээр тохиролцож чадахгүй явсаар өнчин ишиг ч хувьчилж чадалгүй бүтэн жилийг ардаа орхилоо.
өөрийнхөндөө хувьчлахын тулд асар их мөнгө хэрэгтэй. Yнэндээ энэ их мөнгө Монголын хэнд ч байсангүй. Иймээс хувьчлалыг банкнаас, тухайлбал Монголын зах зээлийн талыг ганцаараа атгадаг Худалдаа хөгжлийн банкнаас эхлэх учиртай ажгуу. Yүнтэй хослуулж ХААН банкыг авбал хоёр банк хоршин биендээ мөнгө байршуулах, туслах замаар “МИАТ”, “Говь”, “НИК”, “Монгол даатгал”, “Эрдэнэт” зэргийг өөрийнхөндөө хувьчилж болно. Тэгвэл юун түрүүн Худалдаа хөгжлийн банк ыг өөрийг нь худалдаж авах дор хаяхад 10-аас доошгүй сая ам. доллар хэрэгтэй аж. Yүнийг яаж олох вэ?
Намаа дэмжиж санхүүжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бүгд санаа нэг боловч юуг хэнд хэзээ гэдэг дээр үргэлж маргалдан зөрчилдөж байлаа. Энэбиш өөрийн бүлэглэлд архины үйлдвэрийг авч өгөхийн тулд улсын мэдэлд байгаа хувийг хэд хэдэн багц болгоод заруулахаар зүтгэв. Жамъянсүрэн уг үйлдвэрийн гуравны нэгийг атгаж байсан тул жижиглэсэн багцаас ганцыг авахад архины үйлдвэрийг бүрэн хянах аж. Энхбаяр болохоор Энэбишийг улам хүчирхэгжүүлэх ямар ч сонирхолгүй тул бүгдийг нь ганц багц болгоно гэж дайрчээ. Энэ тохиолдолд Жамъянсүрэн авч чадахгүй, авсан ч бүрэн тамирдана гэж тооцоолсон хэрэг. Нэгэнт өөрийг нь доош нь хийх гэж улайраад байгаа түүний хувьчлалын талаархи бусад саналыг нь Энэбиш хүлээж авахгүй байлаа. Зөрчил хурцадсаар Энхбаярын хувь заяа хутганы ирмэг дээр ирэв. Энэбишийн бүлэглэл Багабандийнхтай эвсжээ. 2001 оны намрын чуулганы нээлтэн дээр ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хэлэх үгэнд тэсрэх бөмбөг булаатай байлаа.
Чухам энэ үед, намрын чуулганы ердөө л урьд өдөр нь Энэбиш гэнэт нас баржээ. Yхлийн шалтгааны талаар янз бүрийн батлагдаагүй явган яриа явдаг. Энхбаярын аз дахин гийв.
МөНГөНИЙ ЭРЭЛД
Энэбиш нас барснаар хувьчлалын хаалга нээгдэн “шуударлаа”. Юун түрүүн улсын архины үйлдвэрийг ганц багцаар дуудав. Монгол банкны Чулуунбатын олж ирсэн Громов гэгч орос эзэнтэй “Чингис” хэмээх оффшор банкнынхан Энэбишийн талынхны өөдөөс өрсөлдөгч нарыг санхүүжүүлж зээл олгов. Энэбишийн талынхныг сулруулах, буулгаж авах нь өширхүү, зуумтгай Энхбаярын хувьд заавал гүйцэтгэх ёстой ажил. Yүнтэй зэрэгцэн Монгол телевизээр “Алтжин” компани хууль бусаар газар авч хотоор нэг тун аюултай бензин түгээгүүр барьсан тухай баримтат кино хүртэл үзүүлэв. Сайхансамбуу, Гарамжав, Баттулга нарт хүнд дарамт ирэн татварынхан үүдийг нь сахих болжээ. өөрийг нь хэн нэгэн нь 500 сая төгрөгөөр хахуулдах гэж оролдон, шанд нь архины үйлдвэрийн хувьцааг хэд хэдэн багц болгон зарахыг шаардаж байсан тухай ерөнхий сайд ярьж эхэлсэн нь яах аргагүй талийгч Энэбиш болон түүний үлдсэн түншүүд рүү хандсан өдөөн хатгалагын үг байлаа. Толгойлогчгүй болсон армийг үүгээр нь далимдуулж нам цохиж буй хэрэг.
Худалдаа хөгжлийн банкны тендерийг яаравчлан зараллаа. Нэгэнт хэдүүлээ хувааж авахаар тохирсон болохоор хэр баргийн хүн, ялангуяа монголчууд авах бололцоогүй тендерийн нөхцөл зарлаж түүнээ интернетээр цацан Английн “Экономист” сэтгүүлд хэвлүүлжээ. 10 жилийн банкны үйл ажиллагааны туршлагатай чухамхүү банкинд (банк бус байгууллагад өгөхгүй!) худалдана гэсэн нь Монголд ганц ч арилжааны банк 10 жил наслаагүй байгаа тул анхны хаалт гаргажээ. Дүрмийн сан нь 50 саяас доошгүй гэснээр өөрсдийн байгуулах компанийг бодолцон харьцангуй хөнгөн нөхцөл өгсөн хэрэг. Аудитаар шалгагдсан байх нөхцөл нь тендер шудрага болж буйг харуулах учиртай шалгуур аж. Ер нь л тендерийн нөхцөл гаднаас нь харахад боломжийн зүйл байв.
Чулуунбат ерөнхий сайдын өмнө үүрэг авчээ. Худалдаа хөгжлийн банкыг худалдаж авах мөнгийг олох үүрэг. Монгол банкны ерөнхийлөгчийн амалснаар энэ нь тун хялбар зүйл гэнэ. “Жеральд металз” компанид урьд нь өөрөө ажиллаж байсан, тэднийг сайн таньдаг, тэгээд ч цаадуул нь Эрдэнэтээс зэсийн баяжмал авах маш их сонирхолтой, иймээс тэднээр үйлчлүүлдэг банктай нь хавсруулж авахуулаад, дээр нь дотоод комбинацаар ХХБ-аас өөрөөс нь мөнгө гаргуулаад ингээд дор нь бужигнуулаад, нэг харахад ХХБ бол МАХН-ыг тэтгэгч ширгэшгүй ундрага болох учиртай гэнэ.
Тендерийн хугацаанд Чулуунбат үнэндээ мөнгө олж чадсангүй. Ганцхан сарын хугацаатай зарлагдсан хугацаа дуусахад тэрээр “Жеральд металз” комодити компани ба түүнд зээл олгодог “Ай Эн Жи Баринг банк” хоёртой урьдчилсан аман тохиролцоо хийжээ. Түүгээр бол дээрх компани ба банк нь нийлж фиктив консорциум байгуулаад ХХБ-ыг худалдаж авах мөнгөний 50 хувийг гаргана, түүнд нь сүүлд зэсийн баяжмал, алт өгч эргүүлж төлнө гэсэн аж. Yлдсэн мөнгийг нь өөрсдөө олж нэрээ нууцалж байгаад сүүлд нь тэдэнд алт, зэс өгч өрөө цайлгаад МАХН-ыг дэмжигч банктай болно. Ерөөс төлөвлөгөө ч ийм байсан, ингэж ч ярьжээ. Гэвч нэг талаас өөрснөө мөнгөө олж чадсан ч үгүй, нөгөө талаас “Ай Эн Жи Баринг банк” ам тохиролцооноосоо буцаж эхлэв (Энэ тухай нилээд тодорхой “Аалзны тор”, “Аалзны тор-3-т бий).
Цаг явсаар, тендерийн хугацааг хууль бусаар сунгасаар, энэ хооронд элдэв яриа, хов жив, цуурхал дэлгэрэхийн зэрэгцээ нууцалсан зүйлс нь илрэх хандлагатай боллоо. Ингээд цааш хүлээх бололцоогүй болсон тул бараг найман сарын дараа буюу тендер зарласан хугацаанаас 8 дахин хойшилж байж тендерээ зарласан боллоо. Ямар ч мөнгө хаанаас ч олоогүй тул зүгээр л “Жеральд метальз-Лугано консорциум” хэмээх хуурамч байгууллага тендерт ялж буй жүжиг тоголлоо. Хүрсэн үнэ нь 12 сая ам. доллар. Гэтэл 12 сая доллар огт босоогүй байдаг.
Швецарийн “Лугано” хэмээх тун жижигхэн оффшор банк тодорхой шан харамж амлуулж байж ХХБ-ы тендерт хуурамчаар оролцохыг зөвшөөрчээ. Нөгөө талаас “Жеральд метальз”-д банк огт хэрэггүй, зөвхөн зэсийн баяжмал, алтны урьдчилгаа өгч шанд нь мөн хуурамч хувьчлалд нэрээ ашиглуулахыг зөвшөөрсөн. Энэ хоёр компани 7 орчим сая доллар нийлүүлэхэд бэлнээ мэдэгдсэн боловч Энхбаяр, Чулуунбат хоёр өөрснөө авах гэж буй үлдэх мөнгийг огт олоогүй байгаа учраас ХХБ-ыг хэдийгээр “тендерт ялсан” боловч авах ямар ч арга байдаггүй. Арга нь барагдахдаа тендерийн хугацааг хууль зөрчин 100 хоногоор тогтоолоо.
ЛУЙВАР
100 хоногийн хугацаа өнгөрлөө. Чулуунбат мөнгө олж чаддаггүй. Yүнээс болж Чулуунбат, Энхбаярын хооронд хагарал гарч муудалцан, хэд хэдэн удаа “би чи”-дээ хүрчээ. Ерөөс энэхүү тэртээ тэргүй булхайтай явагдсан тендер хэмээх луйвраасаа буцдаг ч юм билүү гэж хүртэл ярьжээ. Гэвч нэгэнт галт тэрэг хөдөлсөн учир луйврыг угт нь тултал хийх хэрэгтэй байлаа. Банктай болохгүй л бол бусад үнэ цэнэт аж ахуйн хувьчлалаар юм олж долоохгүй, чингэвэл 2004 оны сонгуульд ялагдана, ялагдвал аягүй бол шоронд орж магадгүй. Иймээс эцэст нь хүртэл хийхээс өөр аргагүй болжээ. Гэвч намын бүлэглэлийн жижиг хүрээнд үүнийгээ МАХН-ыг дэмжих санхүүгийн эх үүсвэр гэж тохиролцон ярьж байгаа ба үүнийг хууль бус үйлдэл бус, харин ч буянтай сайхан үйлс, хамтын хариуцлага, хамтын тэмцэл гэж “ойлголцохоор” болжээ.
Тун мөнгө олдохгүй бол улсын хатуу нөөцөөс хулгайлах аргыг Энхбаяр, Чулуунбат нар сэдсэн байна. Монгол улсын валютийн нөөц хэмээх 180 орчим сая доллар, түүнтэй тэнцэх хатуу валют, алт гадаадын итгэлтэй олон банкинд хуваагдан хадгалагдаж байдаг билээ. Чулуунбат Швейцарьт буй харилцагч банк руугаа захидал бичин улсын хадгалагдаж буй нөөц мөнгөнөөс таван сая ам. долларыг нь өөрийн хувийн бизнест шилжүүлэхийг аминчлан гуйжээ. Энэ талаар тодорхой баримт нь сонин хэвлэлд нэгэнт гарсан. Энэ бол үнэндээ ХХБ-ы хувьчлал руу гулсах учиртай байсан мөнгө. Yүнийг Чулуунбат толгой дааж шийдээгүй, бараг л даалгавар авч хийсэн эд.
ХХБ-ы улсад төлөх мөнгийг 2002 онд дөрвөн тэрбум төгрөгөөр доошлуулахаар тусгаж улсын төсөвт оруулан баталснаар Энхбаяр Чулуунбат нар дараагийн луйвраа хийж анхныхаа мөнгийг “босгов”. МАХН-ыг дэмжих санхүүгийн эх үүсвэр гэсэн албан бус шивэгнээнэн тохиролцоог гишүүдэд ойлгуулсан тул төсөв хэлэлцэхэд энэ талаар маргаан эсэргүүцэл гарсангүй. Ер нь ч УИХ-ын гишүүдийг бараг бүгдийг нь тусламж, орон сууц бэлэглэх, хүүхдийн сургалтыг нь даах, ах дүү хамаатан саданг нь “унацтай” ажилд томилох гэх мэтийн аргаар худалдаад авчихсан тул Энхбаярыг “шивнэхэд” эсэргүүцэх хүн байхгүй болжээ. Болохгүй нэгнийг нь хуучны “но” дээр нь нээнтэглэсэн, чухам үүний тулд л цагдаа ажиллаж байгаа шүү дээ. Дараа нь Засгийн газрын тогтоолоор ХХБ-ы улсад төлөх ноогдол ашгаас Монголын Засгийн газар албан ёсоор татгалзсанаар дахиад хэдэн сая доллар гаргаж авлаа.
Энэхүү тун эрсдэлтэй, өөр газар бол шууд шоронд ормоор эрүүгийн давтан үйл ажиллагааны процесс нилээд удаан үргэлжилсэн тул тендерийн хугацааг эхлээд 100 дараа нь 75 хоногоор сунгажээ. Хууль бусаар хугацаа сунгаж арга үйлээ барж явах энэхүү тамын урт хугацаанд улс төрч Баабар мэтийн хүмүүс “Аалзны тор”-оос уншиж хагас дутуу ойлгосон мэдээллээ өөрийн болгон олонд цацаж, радио, телевиз, сонингоор сүржигнэсэн нь Энхбаярчуудад сайхан олз болов. Төрийн өмчийн хороон дарга Пүрэвдоржийг урьдаас нь тавьж мань хоёрыг цааш телевиз, сонингоор хэрэлдүүлэн орхилоо. Пүрэвдоржийн яриагаар бол Баабар мэтээс болж гадаадын хөрөнгө оруулагчид зугтааж байгаа гэнэ. Энэ нь олон түмнийг эргэлзээнд оруулж түр сатаарах, энэ хооронд луйвраа улам бататгах хугацааны болоод орон зайн бололцоо гаргаж өгчээ.
Сүүлчийн 75 хоног дуусах үед мөнөөх “Жеральд метальз - Лугано консорциум” хэмээх фектив хуурамч байгууллагаараа Хонконгийн “Хонконг Шанхай Бэнкинг Корпрэйшн” буюу “Эйч Эс Би Си” банкинд 7 сая долларыг эксрой аккаунтаар тусгаарлуулав. 2002 оны 12-р сарын дундуур ХХБ-ыг мөнгөө төлөөд авах болоход “Жеральд метальз-Лугано консорциум” биш харин ердөө долоо хоногийн өмнө мадам Хуартын бүртгүүлсэн, уртаашаа 67-хон мянган долларын өөрийн хөрөнгөтэй, “Жи Эм Ю Кэй” компани 67 хувийг нь, “Би Си Эл” компани 13 хувийг нь, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг нь эзэмшдэг “Глобал Инвестмент энд Диволепмент” хоршоо жинхэнэ эзнээр тодорлоо. Одоо “Жеральд металз” Англид бүртгүүлсэн фиктив охин компани болох “Жи Эм Ю Кэй” –ийн шилжүүлсэн мөнгийг алт, зэсийн баяжмалаар эргүүлж аваад тооцоо дуусна. “Би Си Эл” буюу “Лугано” банк хуурамч хувьчлалд нэрээ оруулсны тохиролцсон шагналаа аваад тооцоо дуусна. Ийнхүү “Жи Ай Ди Маркет” компани МАХН-ыг сонгууль бүрд дэмжиж байхаар гагцаар тунан үлдлээ.
ХААН БАНКНЫ ГУЙЛГАЧИН ТYYХ
Анх 1991 онд банкны хоёр шаттай систем үүсэн Төв банк тусгаарлахад үүссэн анхны арилжааны банкны нэг нь Хөдөө аж ахуйн банк буюу одоогийнхоор ХААН банк юм. Тэр үеийн банкны системийн тогтоц задрахдаа хөдөө аж ахуйн нэгдлүүдэд үйлчилдэг сум болгонд буй жижиг салбараа ХААН банкинд бөөгнүүлэн өгчээ. Энэ нь эхнээсээ зарлага ихтэй орлого муутай банк байв. Гэвч Монголд хамгийн олон салбартай, малчид тариачдад үйлчилдэг гэдэг “буянтай” нэрнээсээ болж гадаадын нилээд тусламж авчээ. Германы тусламжийн хүрээнд энэ банк хамарч нэлээд хэдэн сая доллароор тэтгүүлсэн боловч зах зээлийн шилжилтийн үеийн шуургыг тэссэн ч үгүй, өөдөлсөн ч үгүй. 1996 он гэхэд энэ банкин дахь Засгийн газрын оролцоо ердөө 10 хувьтай байсан байна.
1997 онд Азийн хөгжлийн банкнаас Монголын банк санхүүгийн системийг эрүүлжүүлэхэд зориулж зээлсэн 35 сая ам. доллароос хамгийн ихийг нь ХААН банк “хөдөөгийн хөдөлмөрч малчдад үйлчилдэг” гэсэн буянтай сайхан нэрнийхээ хүчээр 10 гаруй саяыг нь дангаараа залгижээ. Энэ шийдвэр 1999 онд УИХ-аас гарч, менежментийг нь америк хүнээр хийлгэх болов. Ингэж улсын зээлийн асар их мөнгө залгисан ХААН банк гадаад менежментийн хүчээр 2000 оноос сэргэх янзтай болж ирсэн байна.
ХААН банкыг хувьчлах, гэхдээ мэдээж МАХН-ыг санхүүгээр дэмждэг эх үүсвэр болгон хувьчлах ерөнхий төлөвлөгөө аль 2000 онд гарсан байна. Гэвч ХААН банк нь дангаараа хэнд ч хэрэггүй юм. Санхүүгийн чадвар султай учраас тэр. Харин Худалдаа хөгжлийн банктай хавсарвал биендээ мөнгө ээлжилж байршуулан харилцан “тоглолт” хийвэл жинхэнэ үр ашиг нь гарна. Иймээс Энхбаяр Чулуунбат хоёр ХХБ-ыг хувьчлах асуудлыг цэгцлэхээс нааш ХААН банкны асуудлаар яарсангүй.
2002 оны намар буюу ХХБ-ы мөнгийг өөрөөр нь гаргуулж асуудал цэгцэрсэн хойно ХААН банкны хувьчлалын тендерийг зараллаа. Харин энэ удаа хэн илүү дуудсанд нь худалдах нилээд “шудрага ардчилсан юмуу гэмээр” тендер зарлагджээ. ХААН банк ХХБ-аас 10 дахин жижиг, өөрөөр хэлбэл 10 дахин хямд, хадаад л 5 сая доллар хүрнэ. Энэ нь уул банкыг босгох гэж улсаас өгсөн сүүлийн 10 жилийн зарлагын хажууд өчүүхэн тоо юм. Гэвч зах зээлд хүрэх үнэ нь үсрээд л энэ, ерөөсөө байж байгаа царай нь энэ юм. Гэвч үүнийг хүрэх үнэнээс нь ганц хоёр сая доллароор ахиу аваад ХХБ-тай хоршуулбал авсан эзэндээ алдагдал байхгүй. Учир нь ХХБ-ыг ердөө 12 сая доллароор авсан, нарийн яривал ганц ч төгрөг гаргалгүй луйвардаад авчихсан болохоор ХААН банкыг илүү үнээр авах нь “МАХН-ыг санхүүжүүлэх” хэмээх ерөнхий “буянтай” нэрээр яваа нэг хэсэг хүний өмч юм гэдэг талаас нь үзвэл илүү хожоо унах аж. Иймээс ХААН банкыг чөлөөтэй дуудуулахаар боллоо. өртгөөс нь хамаагүй илүү үнээр авах “тэнэг” олдохгүй. Тийм “тэнэг” зөвхөн ХХБ-тай хавсруулж байж л ашигтай болгоно, ингэхээр тэнэг биш ухаантай болж таарна.
Дуудлага 2003 оны эхээр болж үнэ цэнээс нь сая гаруй доллароор илүү дуудаж 6 гаруй сая доллароор МИАТ-ын орлогч захирал Баатарсайхан гэгч аван “тэнэг”-ээр тодорлоо.
ШИНЭ ЭЗНИЙ ХААН ТYYХ
Баатарсайхан гэгч хэн бэ? Социализмын үед Японд сурч байсан (гэхдээ сургуулиа төгсгөж чадаагүй) Ховд нутгийн харяат торгууд нэгэн эр. Тэрээр Японд сургуулиасаа гараад Монгол Японы нэгэн компанид ажилд оржээ. Энэ нь Монголд банкны зээлийн жилийн хүү 160 хувь хүрч байсан мөнөөх галзуу үе байлаа. Баатарсайхан компаний мөнгийг хулгайлан Монголд авчирч богино хугацаанд банкаар дамжуулан өндөр хүүлээд эргүүлж аваачдаг “бизнес” эрхлэх нь тэр. Гэвч удалгүй баригдан хөөгдлөө. Харин энэ хооронд хулгайн хүүлсэн мөнгөөрөө нэлээд хөлжижээ. Уул нь ийм хэрэгт хөрөнгийг нь хураан шүүхээр оруулж шоронд хийдэг хууль Японд үйлчилдэг боловч тэгс хийгээд чимээгүй болсон байна.
Мөн энэ үед Японд Кёкшүзана Батбаяр нэрд гарч байлаа. Түүний ээж нь Ховдоос гаралтай нь нутаг нуга болж ойртох бололцоо олгожээ. Юу ч мэдэхгүй хотын хүүхдэд нутаг гэж бүхнээс чухал юм байдаг талаар лавтай ойлгуулсан нь тэр. Японд сумо бөх, якуза хэмээх гэмт хэргийн бүлэглэл хоёр тун ойр байдаг нь хэнд ч түүний дотор гадаадынханд ч нууц биш. Ингээд Батбаяраар дамжуулан Савада хэмээх нэгэн их гартай танилцав.
78 настай Савада сан якузатай холбоотой их гарын нэгэн. Нэлээдгүй баян. Баярхдаг, хамаагүй юм руу мөнгө шиддэг, мэдэхгүй салбар руугаа эрсдэлтэй бизнес рүү ордог, онгиргон өвгөн. Ийм хүн хаана ч байдаг. Америкийн Перро, Английн Максвэлл гээд ийм баячууд хаа нэгэнтэй үргэлж тааралддаг, тэдний л нэг. Гол гаршсан хийдэг бизнес нь оюутан залууст онгоцны хөнгөлөлтэй билет зуучилдаг аж. өөрөө ч нэг чартер онгоцтой. Ийнхүү Баатарсайхан “миатчин”, жуулчин зуучлагч, билет дамлагч хэмээх шинэ бизнест хүч сорих болсон байна. Японоос зундаа 10-15 мянган жуулчин Монголд ирдэг. Yүнийг мань хүн Савада сантай хамтран эзэгнэх боллоо.
Yргэлж шинийг эрэлхийлж байдаг идэвхитэй бизнесмен хүний хувьд Баатарсайхан нь Монголын төр гэдэг бол дундаршгүй уурхай юм байна гэдгийг соргогоор үнэртэн мэдэрчээ. Ингээд бусад улс төрч-бизнесменүүд Энхбаярт сонгуулийн өмнө асар их мөнгө бэлнээр нь өгч албан тушаалд амлагдаж байгаа сайхан жишээг даган 100 нэлээд гаран сая төгрөгийг түүнд “сонгуульдаа сайн ороорой” гэсэн ерөөлийн үгийн хамт бэлэглэжээ. Юмыг яаж мэдэхэв хэмээн багашаархан мөнгийн МYАН-д бас өгчээ.
Жуулчилалаар оролдож байгаа учир өөрт нь МИАТ сайн таарна гэдгийг Энхбаярт ойлгууллаа. Харин энэхүү хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй цоо шинэ хүнд шинэхэн ерөнхий сайд итгэсэнгүй, хандивт нь чамлагдахаар бага туаал өгч МИАТ-ын ердөө нэг муу орлогч даргаар тавьсан байна. Гэвч гомдлыг нь барахын тулд эхнэр Хуланг нь ХХБ-ы орлогч болгожээ. Ийнхүү тэдний гэр бүл “орлогчдын цуглуулга” болох нь тэр. Орлогч нар хавсайдан бусдын бизнес булаах шинэ бизнес эрхлэх боллоо. Хэн хаана орлоготой амжилттай ажиллаж байна түүнийг банкны харилцагч нараар нь мөрдөн мөшгиж араас нь чихэн түншүүдэд нь илүү сайн нөхцөл тавин уул ажлыг өөрийн болгох ажилбар юм. Хэдийгээр энэ нь банкны нууцад хамардаг боловч эр эм хоёрт нууц юм гэж юу ч байсангүй. Ингээд жил гаруйгийн дараа гэхэд спирт, гурил, сурах бичиг, жуулчин, сургуулийн дэвтэр, гуанз ресторан, барилга, эрчим хүч, холбоо, банк, тээвэр, зочид буудал, хэвлэх үйлдвэрлэл гээд хэдэн арван янзын бизнесийг зэрэг эрхлэх болов. Төрөөс явуулж буй тендер болгонд оролцоно, ялахгүй газар гэж үгүй. Хахуульд асар их мөнгө зарцуулах боловч олох орлого нь үүнээ бүрэн хаaгаад цаана нь үлэмж ашиг унагана. Түүнээс гадна эрсдэлгүй. Учир нь хэд хэдэн удаа япончуудыг хулхидсаны эцэст хурууг нь огтолж авахаар Японоос якуза түүн дээр ирж сандаргаж байсан тохиолдол бий. Харин Монгол төр бол эрсдэлгүй, өртөг багатай эрдэнэсийн дундаршгүй уурхай гэж таавралсан түүний таавар эндүүрсэнгүй.
ХХБ-ы орлогч захирал хийж буй эхнэр Хулан нь Энхбаярынханд нэгэн том саад бэрхшээл болон босч ирлээ. Нөхөртөө банкны хамаг нууцыг аваачиж өгнө. өөрөөр хэлбэл банкны харилцагчдын цаад түнш болон хийгдсэн гэрээ хэлэлцээрийг нь хулгайлна. Банк гэдэг бол итгэлийн байгууллага, чухам үүнээс болж нэлээд чинээлэг харилцагч нар ХХБ-ыг орхижээ. Нөгөөтэйгүүр ХХБ-ы хувьчлал хэмээх амттай луйвартаа өөрийг нь оролцуулахгүй байна, эсвэл бага өгөх нь гэсэн хардлагадаа болж хамаг нууц опперациудыг мөн л нууцаар гадагш цацна. Тэрээр нууц олж авдаг, түүнээ цацдаг тогтсон системтэй болжээ. Yүгээрээ шантажлах болов. Ингээд арга нь барагдаад хууль бус үйлдэл дээр нь халуун баривчлан ажлаас нь халж цагдаагийн мэдэлд өгөх нь тэр. Хулан цагдаад нэлээд хэд байцаагдлаа. Сүр сүлд нь унах нь уу гэж танадсан хэрэг. Гэтэл ийм их мэдээлэлтэй болчихсон хүнийг зүгээр хаяж болно гэж үү? Ингээд түүнд ХААН банкыг санал болгов.
Нэг талаас ингэвэл чимээгүй болж амаа үдүүлнэ, нөгөө талаас ХХБ, ХААН банкны хамтарсан опперацид найдвартай оролцоно. Харин ХААН банк хувьчлагдангуут ХХБ түүний 51 хувийг авахаар тохирчээ. өөрөөр хэлбэл ХААН банк хувьчлагдаад ч эргэж эргэж нуг гэгчээр мөнөөх мадам Хуартын бүртгүүлсэн “Глобал Инвестмент энд Диволепмент”компанид хамаарах учиртай юм. Савада сан ХААН банкинд мөнгө гаргахыг зөвшөөрлөө. Сайн явбал тэр биз, муудвал Баатарсайхан түүнээс хувьцааг нь худалдаж авахаар тохирсон. Савада сан банкны салбар огт мэдэхгүй, түүнд брокерийн компани бий боловч банкны салбараар оролдож байгаагүй. Гэхдээ энэ зэргийн онгироо якузад “Монголд би өөрийн банктай” гэж ярьж явахад ганган хүнд нэмэр болох гархи билээ.
Баатарсайхан Ерөнхий сайдыг ч Савада сантай танилцуулахаа мартсангүй. 2001 онд Японд хийсэн айлчлалынх нь үеэр энэ хоёрыг уулзуулжээ. Савада сан онгироо зангаараа 2002 онд Монгол руу 30 мянган япон жуулчин явуулна гэж амлав. Yүнийг нь ямар ч тооцоогүй Энхбаяр эргэж ирээд өдий хэрийн жуулчин авах гэж байгаа гэж баахан хөөрчээ. Yнэндээ 2002 онд урьдын адил арав гаруй мянган жуулчин л ирэх нь тэр. Ичсэндээ 2003 оныг “Монголд жуулчлах жил” гэж зараллаа. Гадаадын жуулчид монголчууд шиг уриа лоозонгийн араас ажлаа хийдэггүй учир энэ нь эцэстээ “оюутны жил”, эмэгтэйчүүдийн жил” гэх мэтийн урьдах лоозонгуудын нэг болоод өнгөрөх биз. Хамгийн гол нь Японоос Монгол руу хийж буй жуулчлалын бизнест бусад өрсөлдөгч нараа шахаж гаргахын тулд Баатарсайхан Савадаагаар ийм үг Энхбаярт хэлүүлжээ. Дээр нь МИАТ-ыг атгаж байгаагаараа далимдуулан билет болон нислэг дээр монополи тогтоосон учир түүний ажил тун өөдрөг байгаа.
Ховдын санхүүгийн бүлэглэл гэгчийг Баатарсайхан байгуулж чадсан нь түүний бизнесийн амжилтын нэг нууц юм. Нутгийн зөвлөлд их рольтой, гол санхүүжүүлэгч нь. УИХ-аас Дэмбэрэл, Бямбадорж, Төрийн өмчийн хорооноос Пүрэвдорж гэх мэтээр явна. ХААН банкыг хувьчлах Пүрэвдоржоор ахлуулсан тендерийн комисс таван хүнтэй байсны дөрөв нь Ховдынх, түүний дотор гурав нь нэг сумынх байлаа.
ХААН банкны хувьчлалын өмнө Баатарсайханы нэг хийсэн зүйл нь өрсөлдөгч нар руугаа шавар цацах ажил байв. өөртэй нь адил бизнесч-улс төрч Батболдын оруулж ирсэн “Альфа” банкыг Оросын мафийн хулгайч нар гэж хочлон үүнээ хэвлэлээр цацан олон түмэнд итгүүлэх ажилд чамгүй мөнгө зарцуулжээ. Сонингууд дээр гарсан энэ маягийн гүтгэлэгийн зохиогч-санхүүжүүлэгч нь мань хашир өөрөө байв. Нөгөө нэг өрсөлдөгч “Голомт” банкыг гэмт хэргийн бүлэглэл гэж үнэмшүүлэх ажлыг мөн гардав. Баатарсайханы гаргасан гүтгэлэгээр бол “Голомт” банкыг Интерпол эрэн сурвалжлаад олохгүй байгаа гэнэ. Интеполын олохгүй байгаа объектийг “Yнэн” сонин хэдхэн төгрөгийн “хандиваар” дор нь илрүүлж олны нүдэн дээр гаргаж ирлээ.
ЦАХИЛГААН ДАЙНЫ ТөЛөВЛөГөӨ
Ийнхүү Энхбаярынхан санасандаа хүрч Худалдаа хөгжлийн банкыг үнэгүй “хувьчилж” авсан төдийгүй ХААН банкыг илүү үнээр боловч мөн өөрийн болгож чадлаа. Энэ хоёр банк нийлээд Монголын мөнгөний зах зээлийн ихэнхийг атгаж байгаа. Одоо “НИК” “МИАТ”, “Говь”, “Монгол Даатгал” “Эрдэнэт” гээд асар том аж ахуйн нэгжүүд шил шилээ даран хувьчлалаа хүлээж байна. Yүнийг бүгдийг нь МАХН-ыг санхүүжүүлэх эх үүсвэр болгоно гэж тохиролцсон билээ.
Эхний ээлжинд “НИК”. Засгийн газрын хурлаар оруулан “НИК”-ийн бүх өрийг хүчингүй болгов. өөрөөр хэлбэл авах шинэ эзэн нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатар болон бусад хотод байгаа шатахууны савнуудыг сул шахам авна гэсэн үг. Учир нь НИК гэдэг бол шатахууны сав л гэсэн үг. Чухам үүнд л үнэ цэнэ нь бий. Шатахууны савтай нь зах зээлд монополи тогтоож чадна. Хүссэн ч хүсээгүй ч шатахуун нь Монголын импортын маш олон хувийг эзэлдэг. НИК төрийн менежменттэй байсан учраас өөдлөөгүй. Одоо хувийнх болохоороо сэргэнэ. Харин шинэ эзэн МАХН-ыг санхүүжүүлэх учраас өртэй байгууллага хүлээж авч болохгүй. өрийг Засгийн газар, өөрөөр хэлбэл ард түмэн төлөх ёстой.
Хоёр дахь асуудал нь Эрдэнэт. Эрдэнэтийн Монголын талын эзэмшиж буй 51 хувийг их өрөндөө тооцож болох талаар тун аятайхан санал оросууд тавьжээ. Учир нь Эрдэнэт нь өнөөдөр зах зээлийнхээ ханшаар үсрээд үсрээд 500 сая доллар хүрэхгүй. Гэвч нөгөөтэйгүүр чингэвэл “Жеральд металз”-ийн өрийг яах билээ?
Монголын ерөнхий сайд 2003 оны эхээр Швейцарийн Даост айлчиллаа. Дэлхийн томчууд цугладаг газар тэрээр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзана гэв. Ард түмэнд ингэж тайлбарласан, их ажил ард түмнийхээ нэрийн өмнөөс хийж яваа юм байна гэж ард түмэн ойлгох учиртай аж. Гэтэл Коллин Пауэлл түүнийг хүлээж авахгүй гэжээ. Хоёр орны найрамдлын асуудлаар уулзая гэтэл энэ талаар онцын ярилцах зүйлгүй гэсэн хариу авсан байна. Ингэхээр нь Хойд Солонгосын асуудлаар уулзая гэж молгидтол гэнэн америк урхинд нь орооод ирэв. Энэ хооронд ГХЯ-ы сайд Эрдэнэчулууныг урилга заллага ч үгүй яаралтай Пхеньян явуулаад америк эрийг хуурах хэдэн үг олж авчээ.
Доасын айлчлалын зорилго шал өөр юм байлаа. Монголын зэсийн баяжмалын төлөө өрсөлддөг еврейчүүдийн таван коммондити компани дотор “Жеральд металз” 2000 оноос үнэмлэхүй ялалт байгуулж ихэнхийг нь эзэгнэх болсон билээ. өрсөлдөөнд ялагдсан “Глинкор” компани удаан хүлээж чадсангүй, Эрдэнэтийн Монголын 51 хувийг 150 сая доллароор худалдаж авъя гэсэн санал гаргажээ. “Жеральд металз” бол тун жижиг компани, харин “Глинкор”, “Марко Ричи” зэрэг бол үндэстэн дамнасан коммодити билээ. Ийм жижиг компанид цохиулсан, гэтэл цаадуул нь өчүүхэн бага мөнгөөр Монголын төрийг худалдаж аваад дураараа тоглоод суухыг Глинкор тэсвэртэй хараад сууж чадсангүй. Глинкортой уулзах уулзалт Энхбаярын Даос орсон гол зорилго байлаа. Энэхүү нууц уулзалт болсон, тохиролцоонд хүрсэн, үр дүнгийнх нь талаар дараа бичимз.
ОЛИГАРХИ
Худалдаа хөгжлийн банкны фиктив гүйцэтгэх захирал гэгчээр Кэйт Чидди гэгч иржээ. Тэр хэдийгээр захирлаар томилогдоогүй боловч нэрийн хуудас дээрээ TDB CEO хэмээн гараар нэмж бичнэ. Энэ нь ХХБ-ы Гүйцэтгэх захирал гэсэн англи товчлол. Гэтэл Чиддигийн хийж буй ажил нь ХХБ-ы одоогийн Гүйцэтгэх захирал Мөнхбатын сурталчлагч нь юм уу гэмээр, түүнийг биширсэн шүтсэн яриа л ярьж явах аж. Yнэндээ Мөнхбат ч, Кэйт Чидди ч арилжааны банкны менежерүүд биш аж. Чидди нь Төрийн болон институцийн банкны зөвлөх. Арилжааны банк мэдэхгүй. Хэрэв үнэхээр “Ай Эн Жи Баринг” менежмент хийх гэж байгаа юм бол мэргэжлийн бус Мөнхбатыг шүтээд давхиж явах гэж үү? Хэрэв үнэхээр гаднынхан авсан юм бол очиж очиж Мөнхбатаар менежер тавих гэж үү? Хэрэв үнэхээр л юм бол ХХБ-ыг босгож ирсэн, манайдаа хамгийн сайн мэргэжилтэн гэгддэг Саран, Хүрлээ нарыг ажлаас нь хусаж хаях гэж үү?
Харин ч эсрэгээр ХХБ-д ажиллагсадын хяналт тогтоож байсан 24 хувийг айлгаж байгаад хувьцаа эзэмшигчидээс нь худалдаж авахаар шийджээ. Зээлийн хороон дарга буюу банкны хамгийн эмзэг асуудлыг менежер Мөнхбат давхар хариуцахаар болж буй нь хяналтаас гадуур, хааш нь хэрхэн мөнгө урсгах угаахыг нь мэргэжлийн бус хүрээнд хийхээр тооцоолсон цаад эздийн шийдвэр ажгуу.
Яах гэж энэ вэ? Одоо төлөвлөсөн ёсоороо Монголын том аж ахуйн нэгжүүдийг банкаар дамжуулан худалдаж авна. Ингээд Монголын улс төр, нийгэм, шүүх, цагдаа, төрийн байгууллага, банк, санхүү, аж үйлдвэрийг бүрэн хянасан жижиг бүлэглэл нэгэнт бий боллоо. Yүнийг олон улсын нэр томъёогоор олигархи гэнэ. Олигархи өрсөлдөөнд дургүй, нээлттэй болгоныг үзэн яддаг, нийгэм улс төр эдийн засгийн бүхий л асуудлыг хувьцаалагчид тэрүүхэндээ хоорондоо ярьж шийддэг. Энэ бол өнөөгийн Латин Америкийн олон орны туулж буй зам. Ийм тогтоц хуучин ЗХУ-ын Дундад Азийн орнуудад нэгэнт тогтон бэхжсэн. Олигархи тогтсон оронд хөгжил дэвшлийн тухай зүүдлээд ч хэрэггүй. Нийгэм дахь баян ядуу, хот хөдөөгийн ялгаа улам ихсэнэ. Дахин хуваарлалтыг нийгэм улам бүр хүсэмжилсээр нэг л өдөр хар хувьсгалд хүргэдэг. Хүчирхийлэл нь сөрөг хүчирхийллийг буй болгоно. Ингээд эцэс төгсгөлгүй ээлжлэн унагаалт болно. Yр дүн нь өнөөгийн хар Африк. Биднийг ийм л ирээдүй хүлээж байна.
Дэд доктор Б.Ганбат