Өнөөдөр санаанд оромгүй, мэддэг байх гэж боддог байсан нэг хүнд энэ талаар зөвөлгөө өгөөд, бас олон хүн огт энэ талаар мэдэхгүй явдаг байх гэж бодсон тул та бүхэнтэй хуваалцъя. Мөн энэ талаар илүү мэдэж байгаа хүмүүс нь сэтгэгдлээр хуваалцаарай. Мэдээж энэ нийтлэлийг маань facebook, twitter ба мэйл сүлжээ бусад хэрэгслээрээ бусадтайгаа хуваалцаж манай блогийг бас танилцуулж өгөөрэй.
За ингээд Үг олдож үхэр холдох нь. Юу вэ гэхээр бид өөрсдийн ширээний ба зөөврийн компьютер, гар утсан дээр янз бүрийн хувийн ба байгууллагын нууцыг хадгалдаг. Интернет орчин, дотоод сүлжээнд нууцлал яриад байдгаас биш өөрийн компьютер, гар утасны нууцлалыг тэр бүр бодолцдоггүй. Нууц үг, янз бүрийн түгжээ хийсэн л бол түүндээ итгээд орхидог. Гэвч ингээд мэдээлэл тань хамгаалагдсан гэж бодож байгаа бол нялх хүүхэд шиг гэнэн хэрэг юм. Одоогоор энэ төрлийн халдлага, гэмт хэргүүд ч Монголд хараахан дэлгэрээгүй байна. Гэвч таны нууц үгтэй компьютерыг чин би нээгээд таны мэдээллийг авч чадна гэвэл ямар сонсогдож байна даа? Хээн түгжээ, нууц үг, пин кодтой утсыг чинь онгойлгоод бүх зүйлийг чинь харж чадах бол танд ямар вэ? Таныг байхгүйд нууцаар, эсвэл алдсан компьютер дээрээс чинь хэнд ч үзүүлмээргүй зураг, видео, мэдээллүүдийг чинь нууц үгийг чинь мэдэхгүй ч маш амархан гаргаад авна гэвэл ямар вэ?
Ер нь бол ихэнхдээ хакеруудын хувьд энэ нь маш амархан байдаг байна. Харин энэ нийтлэлийг уншсанаар та бас арай хэцүү болгож болно. Хамгийн эхэнд хэлэхэд нууц мэдээллээ хамгаалах хамгийн сайн арга бол тэрийг хаана ч бичихгүй, хадгалахгүй бас өөрөө мартах явдал гэдэг. Ер нь ямар ч тохиолдолд 100% хамгаалах боломжгүй. Гэхдээ мэдээж маш хэцүү, эсвэл хэдэн зуун жилийн дараа л тайлж нээж болохоор хамгаалж бас болно.
Өөрийн мэдлэгийн хүрээнд ойр зуурын зарим хамгаалах аргуудыг та бүхэнд танилцуулъя.
Тэгэхээр хэрхэн хамгаалах вэ?
1. BIOS CMOS-д нууц үг хийх. Тэгээд Boot Device дээр бүүт хатуу дискээ сонгож тохируулах.
Ингээгүй тохиолдолд нууц үггүй бол мэдээж дурын хүн boot device-ыг солих боломжтой. Нууц үгтэй байсан ч CD эсвэл Flash дискнээс boot унших боломжтой бол нууц үг солих, арилгах гэх мэт боломжтой диск ашиглаад таны нууц үгийг арилгах, солих, мөн тайлах ч бүрэн боломжтой. Linux ба Windows системүүд лав бүрэн боломжтой. Apple компьютеруудыг одоогоор судалж үзээгүй тул мэдэхгүй.
Жич: Мөн ингэснээр санаа амарч болохгүй. BIOS CMOS clear буюу нууц үгийг нь процессорыг онгойлгох юм уу нөүтбүүк бол задлаад баттерейг нь салгах болон свичээр нь цэвэрлэх боломжтой тул энэ бас төгс арга биш.
2. Та Linux, Windows алийг нь ч хэрэглэдэг байсан заавал root ба administrator хэрэглэгчид нууц үг өгөөрэй! Ингэхгүй бол маш амархан аргаар root, эсвэл administrator хэрэглэгчийн эрхээр нууц үггүй нэвтрэх, хэрэглэгчийн нууц үг солих, шинэ бүрэн эрхтэй хэрэглэгч давхар үүсгэх, системд чинь дурын өөрчлөлт хийх боломжтой байдаг. root нууц үгтэй байсан ч мөн 1-р аргаар бол root нууц үгийг тань ч солих боломжтой. Гэсэн ч 1-р аргаар хамгаалаад ингээд root эсвэл administrator хэрэглэгчийг нууц үггүй орхивол бас л ямар ч ялгаагүй мэдээллээ алдана гэсэн үг.
3. За тэгээд хамгийн сайн арга бол disk encryption юмуу file encryption ашиглах хэрэгтэй. Энэ бол файлыг кодлон диск дээр хадгалах арга юм. Ингэж кодлож хадгалсан мэдээллийг зөвхөн тухайн хэрэглэгчийн зөв нууц, кодлолд хэрэглэсэн түлхүүрийг ашиглан мэдээлэлд хандах, авах боломжтой. Ингэж хадгалсан тохиолдолд дээрх 2 аргаар ба бусад аль ч аргаар авахад хэцүү, бараг боломжгүй байдаг. Сул тал нь нууц үг мартах буюу, encryption key file ашигласан тохиолдолд файлаа устгасан, алдсан г.м тохиолдолд тэр мэдээллээ өөрөө ч нэвтэрч чадахгүй болж алдах тохиолдлууд гардаг. Тиймээс encryption хийх хэрэгсэл-програмаа маш сайн судалж байж хэрэглэх хэрэгтэй. Байгууллагуудын хувьд encryption ашигласан тохиолдолд тухайн нууцыг ганц хүний толгойд хийгээд орхивол нөгөө хүн нь ажлаас гарах юм уу, ямар нэгэн байдлаар өвдөх, магадгүй бүүр нас барчихвал тэр мэдээллийг авах боломжгүй болно гэсэн үг.
Мөн гар утас одоо маш их боломжтой болсон. Гэсэн ч гар утсаа алдсан тохиолдолд нууцлал алдах маш их эрсдэлтэй. Энэ талаар судлаагүй ч мэдээж энкрипт кодлол хийх янз бүрийн програмууд байгаа байх.
4. Механик аргууд бас чухал. Цоожтой кэис хайрцагтай бол цоожилж байх. Ихэвчлэн байгууллагуудад хамаатай байх. Энэ бол мэдээж энгийн бөгөөд бас сайн арга. Компьютерын тань дискийг салгаж аваад, эсвэл шууд тэр чигээр нь хуулаад авахад та мэдэхгүй л өнгөрнө. Харин хуулбараа хүн өөр газар өөр компьютерт залгаж байгаад мэдээллийг чинь хулгайлах боломж бий. Тиймээс өндөр нууцлалтай зүйл бол 3-р аргыг хэрэглэх нь чухал.
5. Олон хүн тус тусын нэр нууц үгээр дундаа ашигладаг компьютер дээр маш болгоомжтой байх. Болж өгвөл нууц мэдээллээ хадгалахгүй байх хэрэгтэй. Файлдаа ямар хандалтын эрх өгснөөс хамаараад өөр нэр нууц үгээр орсон ч таны файлд хандах боломжууд байдаг.
6. Өөрийн нууц үг, мэдээллийг аль болох компьютертаа хадгалахгүй байх нь чухал. Энэ талаар Холбоотой нийтлэлүүдээс уншаарай.
Мэдээж ямар ч сайн вирусын програм, хамгаалалтын гэгдэх үнэтэй програмууд аль нь ч дээрх халдлагуудаас бол хамгаалж чадахгүй гэдгийг санаарай.
Зарим мэдээлэл:
Зарим хүмүүс компьютер форматлуулах гэж зүйлийг их хийдэг. Сайн мэдэхгүй хүнээр форматлуулаад хэрэгтэй мэдээллээ алдсан тохиолдол цөөнгүй байдаг. Саяхан бас нэг найзын Windows XP системийг дуудлагаар форматладаг гэх нэг нөхөр Windows-ыг нь дахин суулгаад файлуудыг нь устгаагүй хадгалж үлдээсэн байсан ч Windows-ын файл хавтсыг хэрэглэгчид хамааруулах хамгаалалтыг нь тохируулж чадаагүйгээс файлуудад хандах боломжгүй болж харагдахгүй байсан тул очиж янзалж өгсөн. Хэрэв encrypt хийсэн файлууд байсан бол ингээд форматлачихсан бол тэр файлууд тэр чигээрээ лөөлөө болно. Тиймээс системийг форматлах, дахин суулгахаас аль болох зайлсхийж янзлуулж байх хэрэгтэй. Мэдээж энгийн хэрэглээнд линукс ашиглаж сурвал энэ асуудлаас бүрэн зайлсхийж болдог. Мөн хийлгэх бол мэргэжлийн компани, сайн мэдлэгтэй хүнд хандаж байх хэрэгтэй.
Холбоотой нийтлэлүүд:
- Нууц үг - аюулгүй байдал
- Нууц үг
- Yahoo ID-аа хэрхэн алдахгүй байх вэ? Алдсан бүртгэлээ хэрхэн сэргээх вэ?